Монгол Улсын Их Хурал 2014 оны улсын төсвийг өнгөрөгч баасан гаригт хуулийн хугацаанд нь багтааж баталлаа. Ирэх онд төсвийн орлогыг дөрвөн их наяд 676 тэрбум 370.5 сая, зарлагыг таван их наяд 594 тэрбум 785.9 сая төгрөг байхаар баталсан юм.
2013 оны төсвийн орлого, зарлагын аль аль нь ирэх оныхоос бараг хоёр дахин их дүнтэй батлагдсан байсан ч өнгөрөгч сард тодотгол хийсэн билээ. Энэ нь эрх баригчдыг ирэх жилийн төсөвт эдийн засгийн нөхцөл байдлыг илүү бодитой үнэлсэн гэж хэлэх үндэслэл болж байгаа юм. Харин ирэх онд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийг нэг их наяд 400 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргах, 289 тэрбум 971.1 сая төгрөгийн гадаад төслийн зээл авах замаар шийдвэрлэхээр тогтлоо. Мөн Засгийн газраас гаргах баталгааны дээд хязгаарыг хоёр их наяд 500 тэрбум төгрөгөөс илүүгүй байхаар тогтоосон юм. Төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэх хөрөнгө оруулалт, тоног төхөөрөмж, их засварын зардлыг нэг их наяд 143 тэрбум 275.5 сая төгрөгөөр батлав.
Ирэх оны төсвийг баталсны дараа “Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, баталсан. Уг тогтоолоор урсгал зардлаа хэмнэж, түүнийгээ ажилтан, албан хаагчдад үр дүнгийн урамшуулал маягаар олгох эрхийг төсвийн захирагч нарт нээлттэй болгож буй. Үүнтэй холбоотойгоор үндсэн ажлаа хийгээгүй байж хэмнэлт гаргахыг хичээх, урсгал зардлаа өндөр тусгуулж чадсан овсгоотой зарим нь урамшуулал хүртэх бололцоотой, дарга нар ойрын хүмүүсээ урамшуулал нэрийн дор аялуулж зугаацуулж, хувь хишиг хүртээдэг явдал газар авна гэхчлэн багагүй шүүмжлэл гарч байсан ч зөвхөн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангаж, зардлаа хэмнэсэн тохиолдолд нэмэгдэл урамшуулал олгохоор Засгийн газарт үүрэг болгосон юм.
Мөн тогтоолоор төсөвт “0” дүнтэй туссан хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийн төс өвт өртөг нэмэгдсэн, гүйцэтгэл удааширсан шалтгааныг тогтоож, хэрхэн санх үүжүүлэх асуудлыг төсвийн тодотгол хийх хүртэл хойшлуулж байгаа нь цаг хугацаа алдах, дахин он дамжсан ажил болж сунжрахад хүргэж мэдэхээр байгаа тул аль болохоор хугацааг нь шахаж намрын чуулган завсарлахаас өмнө төсөвт тодотгол хийхэд анхаарах хэрэгтэй хэмээсэн гишүүд нэг бус байлаа. Үүнээс гадна УИХ-ын 2008 оны 47 дугаар тогтоолын хүрээнд эргэн төлөх нөхцөлтэйгөөр хэрэгжсэн төслүүдийн гүйцэтгэлийг үндэслэн улсын төсөв болон бусад эх үүсвэрээс санхүүжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг энэхүү тогтоолоор үүрэг болгосон. Мөн 2013 оны төсвийн тодотголоор хасагдсан, 2014 оны улсын төсөвт тусгагдаагүй болон бусад зам тээвэр, эрчим хүчний салбарын хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээг Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газарт даалгав. Шүүхийн ерөнхий зөвлөлийн төсөвт цалин, урамшууллыг 15 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэнтэй холбогдуулан шүүгчдийн цалин, нэмэгдлийн хэмжээг УИХ-аар батлуулах талаар ч уг тогтоолд тусгасан юм.
ЭНЭ ОНД 629 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР 1824 КМ АВТОЗАМ ТАВЬЖЭЭ
Мөн өдрийн чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанд улсын чанартай авто зам болон “Гудамж” төслийн талаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг мэдээлэл хийв. Энэ онд 1824 км автозам, 900 гаруй метр урт гүүрийн барилгын ажил хийжээ. Ингэснээр хатуу хучилттай авто замын нийт урт 5000 км-т дөхөж байгаа аж. 1824 км замын ажилд улсын төсөв, Хөгжлийн банк, гадаадын зээл тусламж, уул уурхайн компаниудын санхүүжилтээр нийт 629 тэрбум төгрөг зарцуулсан байна. Энэ онд Баянхонгор, Дундговь, Дорноговь аймаг Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар холбогдсон төдийгүй энэ долоо хоногт Замын-Үүдийн зам ашиглалтад орсноор ОХУ, Монгол, БНХАУ-ыг холбосон хатуу хучилттай замтай болж байгаа юм байна. Замын ажлыг байнга дагалддаг чанарын талаар Ерөнхий сайд “Ирэх жилээс авсан ажлаа төлөвлөсөн хугацаандаа, чанартай бүрэн дуусгадаг компаниудыг сонгон шалгаруулна. Нэг компанид ажлыг тэр чигээр нь өгөхгүй, нэг төсөлд олон компани ажиллуулна” хэмээн энэ үеэр онцолсон.
Харин “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзвар шинэчлэхээс 16-г нь ашиглалтад оруулжээ. Ойрын хугацаанд хоёр уулзвар ашиглалтад оруулаад, үлдсэнийг нь ирэх онд хийнэ гэв. “Гудамж” төслийн “Хурдны зам” дэд төслийн хүрээнд Туул болон Сэлбэ гол дагуу хурдны зам байгуулна. Хурдны замын ТЭЗҮ нь хийгдэж байгаа гээд шинэчлэл хийсэн зарим уулзварын эдийн засгийн үр өгөөжийн талаар тайлбар хийсэн юм. Тухайлбал, “Өргөө” кинотеатрын урд талын уулзварыг шинэчлэхэд 1.6 тэрбум төгрөг зарцуулсан. Энэ уулзвараар жилд давхардсан тоогоор 33.3 сая машин нэвтэрнэ. Нэг машин уг уулзвараар дамжин өнгөрөхөд дунджаар 10.2 секунд, жилд хоёр цаг 20 гаруй минут хэмнэнэ. Уулзвараар нэвтэрч буй машинууд жилд ийм хугацаа хэмнэхээс гадна нийт 1023 литр шатахуунаас 1.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж Ерөнхий сайд тайлбар хийсэн юм. Түүний мэдээлэлтэй холбоотойгоор УИХ дахь МАН-ын бүлгийн санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Батсуурь уншиж танилцуулсан.
Мэдээлэлтэй холбогдуулан цөөнхийн гишүүд Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүд, холбогдох яамдын ажилтнуудад асуулт тавьж, хариулт авсан юм. Ж.Батсуурь гишүүний дүгнэлт Засгийн газрын хийсэн ажлыг эрс үгүйсгэсэн шинжтэй эхлэхэд АН-ын гишүүд “Больё оо” гэцгээж байсан ч асуулт тавьж, санал хэлэхэд бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж, сайшаасан байр суурь цөөнгүй байлаа.
Б.НОМИН