Шатрын хаан титмийн төлөөх Вишиванатан Ананд, Магнус Карлсен нарын тэмцэл сонирхолтой үедээ орлоо. Халз тулаан туулах замынхаа дөнгөж хагаст хүрэхэд 22 настай залуу их мастер туршлагатай өрсөлдөгчөө 4:2-оор илүүрхэж явна. Тэмцээний гурав дахь өрөгт цагт хавчигдсаны улмаас хожлын нүүдлээ олж чадаагүй Ананд дөрөвдүгээр тавилд нүүж, гараан дээр бага зэргийн давуу байдал олж авсан ч Карлсен маш сайн хамгаалснаар 64 дэх нүүдэл дээрээ талууд харилцан тэнцээ зөвшөөрсөн юм. Харин тав дахь өрөгт Норвегийн шатарч цагаанаар наадахдаа тэрэгний төгсгөлд ялалт байгуулж чадав. Үнэндээ бол 45 дахь нүүдэл дээрээ Ананд илүү шалаа хийсэн нь хожигдолд хүргэсэн юм.

Халз тоглолтыг анхааралтай ажиглаж буй экс-дэлхийн аварга Гарри Каспаров энэ өргийн талаар сэтгэгдлээ хуваалцахдаа "Карлсен одоо л хөзрөө дэлгэж байх шиг байна. Төгсгөлд маш сайн нүүдэг онцлогтой тэрбээр гараан дээр бага зэргийн дутуу байрлал авч, өрсөлдөгчийнхөө цагийг явуулахын зэрэгцээ эрсдэлтэй нүүдэл хийхийг нь анаж байгаад боломж гарангуут сөрөг довтолгоог чадмаг хийж байна. Үүнийг Бобби Фишер л хийдэг байсан" хэмээн ярьжээ. Бусад шатрын мэргэжилтнүүд эрт, орой хэзээ нэгэн цагт хожил заавал гарах байсныг онцлоод 1995 онд Каспаров-Ананд хоёр эхний найман өрөгтөө, 2011 онд Ананд-Гельфанд нар эхний зургаан өрөгтөө тэнцэж байсныг дурдаж байв. Улмаар дэлхийн чансааг тэргүүлэгч зургаа дахь тавилдаа дахин ялалт байгуулах нь тэр. Цагаанаар тоглох өрсөлдөгчөөсөө хурц шийдэмгий довтолгоо ирэхийг мэдэж байсан тэрбээр мөн л тэрэгний төгсгөлд хожсон юм. Дэлхийн аварга Ананд 57 дахь нүүдэл дээрээ тэргээ буруу нүүсэн нь хожигдох гол шалтгаан болсон юм. Ингээд дуэлийн сүүлийн хоёр өргийн бичлэгийг толилуулъя.

Р.МАНЛАЙ