Ухаан уу, эсвэл хүч үү? Энэ нь зарим тохиолдолд бие биеэсээ шалтгаалдаг, эсвэл бүр эсрэг хамааралтай ойлголт. Гэвч ухаан, хүчийг зэрэг хослуулсан шатарт боксоор хичээллэдэг тамирчин олон. Энэ төрлөөр дагнасан Голландын алдарт промоутер Ипе Рубинг “Тамирчид эхлээд боксын дэвжээнд “нударга зөрүүлж”, дараа нь шатрын ширээний ард оюунаа уралдуулах бөгөөд хоёр төрлийн оноог харьцуулан, ялагчийг тодруулдаг дүрэмтэй” хэмээн өгүүлж байна.
Шатарт боксын ДАШТ арванхо ёрдугаар сарын 28-нд Москва хотноо болно. Хүнд жинд ОХУ-ын тамирчин Николай Сажин дэлхийн аварга цол хамгаалах тоглолтоо Италийн Жанлук Сирчитай хийх юм. Ямар учраас Сажины төрсөн нутаг ДАШТ-ийг зохиох эрх авсан бэ гэвэл Орост шатарт бокс өндөр хэмжээнд хөгжсөнтэй холбоотой. Энэ спортын хөгжилд “ах нар” өөрсдийн хувь нэмрээ оруулсаар ирсэн. Харин 2014 оны эхний тэмцээн хоёрдугаар сарын 15-нд Амстердам хотноо болох аж. Харин одоо уншигчдадаа биеийн хүчний спортоос төрсөн нийгмийн зүтгэлтнүүдийн талаар сонирхуулья.

1.ЮРИЙ ВЛАСОВ (Хүндийг өргөлт) Олимпийн аварга, тив, ДАШТд олонтаа түрүүлж байсан, хуучин ЗХУ-ын туйванч энэ эр их спортоо орхисны дараа эрдмийн мөр хөөж, профессор болтлоо өсчээ. Гэхдээ тэр тэмцээнд оролцож байхдаа тамирчинсурвалжлагчийн мэргэжлээр зэрэг ажилладаг байлаа. Зодог тайлсны дараа түүнд туурвих ажилд зарцуулах цаг их болж, улс төр, түүх, спортын сэдвээр бичсэн юм. Власов зохиолчийн хоёр гол үзэл бодол нь нэгдүгээрт спортыг шоу болгох, үр дүнг голчилж үзэхээс сэргийлэх. Хоёрдугаарт хүндийг өргөлт допингод автаж байгааг харах түүнд гунигтай байлаа. Тиймээс үүний эсрэг тэмцсэн юм. Наяад оны хоёрдугаар хагаст Власов хэд хэдэн спорт хороонд ажиллаж байсан ч ЗХУ задарсны дараа улс төрд орсон байна. 1996 онд Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдсөн юм.
2.АХ, ДҮҮ КЛИЧКО (Бокс) Орчин үеийн боксын спортыг тэднээс ангид төсөөлшгүй. Спортын талбарт амжилт гаргасан шигээ ах дүүс нийгмийн салбарт ч хувь нэмрээ оруулж байна. Боксчдын бэлтгэл сургуулилтын талаар эрдмийн зэрэг горилж буй тэд энэ хугацаанд өөрийн гэсэн бизнесийг бий болгож амжжээ. Зодог тайлсны дараа алдартай тамирчид спортын бус байгууллагын нүүр царай болох нь мэдээж. Спортод олон жил үнэнч зүтгэсэн Виталий Кличко 2015 он гэхэд улс төрчийн замналаа идэвхтэй үргэлжлүүлж, Украины Ерөнхийлөгчийн суудалд өрсөлдөж магадгүй нь. Харин Владимир олон улсад нэр хүндтэй бөгөөд германчууд түүнийг ихэд хүндэлдэг. Тиймээс зодог тайлсныхаа дараа олон улсын харилцаагаар мэргэжих нь мэдээж.
3.КРИСТОФЕР НОВИНСКИ (Рестлинг) 196 см өндөр, 120 кг жинтэй шаргал үст Кристофер тамирчны мөр хөөхийн зэрэгцээ суралцахаа мартсангүй. Хоёр жилийн тэртээ рестлингийн спортоор од болж, шоунд олонтаа уригдсан тэрбээр спортын дараах амьдралаа аль хэдийнэ сонгожээ. Социологич мэргэжлээр бакалаврийн зэрэг хамгаалсан Новински зохиолчийн ажилд шамдах гэнэ. Мэргэжлын тулааны тамирчид тархиндаа гэмтэл авах нь түгээмэл. Ялангуяа Америкийн спортод энэ нь гол сэдэв болж буй. Энэ талаар сайхь залуу хэд хэдэн ном бичсэн бөгөөд Бостоны их сургуульд анагаах ухааны боловсрол эзэмшиж, Тархины гэмэлтэй тамирчдын судалгааны сангийн нүүр царай болсон.
4.ФРЕДРИК ХЭТФИЛД (пауэрлифтинг) Америкийн алдарт пауэрлифтингч тэрбээр гэрээр хүмүүжсэн, армид алба хаан, их сургууль дүүргэж, 40 насандаа спорттой нөхөрлөсөн нэгэн. 1983, 1986 оны ДАШТ-д түрүүлсэн энэ эр 168 см нуруутай мөртлөө 460 кг-ын ард гарч, дэлхийн дээд амжилт тогтоож явсан юм. Тэрбээр бэлтгэлээ шинжлэх ухааны үндэслэлтэй хийдэг байлаа. Хожим Хэтфилд Олон улсын спортын шинжлэх ухааны холбоог тэргүүлж, хүчний спортод фитнесийн урлаг хэрэгтэйг онцолсон байдаг.
5.НИКОЛАЙ САЖИН (шатарт бокс) Красноярскийн математикч Сажин тулаан, оюун ухааны спортын тамирчин. Голландын промоутер Ипе Рубинг одоогоос арван жилийн өмнө түүнийг тэмцээнд оролцуулж эхэлжээ. Амжилт ялалтаар гараагаа эхэлсэн орос эр 2013 онд Энди Костеллог ялж, дэлхийн аварга цолоо хамгаалсан юм. Ялалтад хүрэхэд түүнд шатрын тэмцээн их нөлөө үзүүлжээ. Түүний дараагийн тэмцээн дээр өгүүлсэнчлэн ирэх сард болно.
6.АРНОЛЬД ШВАРЦЕНЕГГЕР (бодибилдинг) “Терминатор”-ын намтрыг өгүүлж эхлэхэд нэгэн зүйлийг онцлох хэрэгтэй болно. ОХУ-ын хүндийг өргөгч Власов тэргүүтэй тамирчдыг шүтэн биширч өссөн Арнольд спортын эхлэлээ штангаар тавьж, улмаар бодибилдингэд орсон байдаг. Тэрбээр Власов шиг алдартай хүн болохыг мөрөөддөг байлаа. Зорилго нь ч биелж, “Мистер олимп”- т хэдэнтээ түрүүлж, кино ертөнцийн од болж, 2003 онд Калифорни мужийн захирагч болсон билээ. Спортоор хичээллээгүй бол тэр энэ өндөрлөгт хүрч чадах байсан болов уу?
Б.ӨЛЗИЙТОГТОХ