УИХ-ын гишүүн Р.Амаржаргалын чөлөөлөгдөх хүсэлтийг өчигдөр АН-ын бүлгээр хэлэлцээд дээрх шийдвэрийг гаргасан байна. Тэд өөртэй нь тулж уулзаагүй ч Монгол Улсын Ерөнхий сайдаар нэг удаа, УИХ-ын гишүүнээр дөрвөн ч удаа сонгогдсон лидерээ зүгээр л явуулчих боломжгүй гэсэн аж. Хэдийгээр өөрөө гишүүнээс татгалзах хүсэлт гаргасан ч хуулийн дагуу УИХ эцсийн шийдвэрийг гаргана. Тиймээс АН-ын бүлэг нэг суудлаа хамгаалж авч үлдэхээр болсныг дэд ахлагч С.Одонтуяа дуулгав.
Тэрбээр өчигдрийн хуралдааныг даргалсан аж. Хэдийгээр УИХ түүнийг авч үлдлээ ч Р.Амаржаргал гишүүн “эсэргүүцэл зарлаж”, Бүлэг, Байнгын хорооны хуралдаанд оролцохгүй, өөрийг нь сонгосон иргэдийн эрх ашгийг төлөөлж ажиллах үүргээ гүйцэтгэхгүй бол яах вэ гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Намын болон Бүлгийн удирдлагууд Р.Амаржаргал гиш үүнтэй уулзаж, өргөдөл өгөх болсон шалтгааныг нь тодруулахаар болсон. Шийдвэр гарц хайна. Бүлэг, Байнгын хорооны хуралд суухгүй байх нь хувь хүний шийдвэр байх. Гэхдээ сонгосон тойргийнхоо иргэдийн эрх ашгийн төлөө ажиллах үүргээ гишүүн ухамсарлах биз ээ” хэмээн хариулав.
Бүлгийн хуралдаанаар үүнээс гадна энэ долоо хоногт хэлэлцэх гол асуудлуудыг ярилцжээ. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг энэ долоо хоногт хийх ажлаа танилцуулсан байна.
С.ТУУЛ