Монголын үндэсний олон нийтийн телевиз (МҮОНТ)-ийн хэсэг ажилтан өчигдөр МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөл болон ерөнхий захирал М.Наранбаатар нартаа “МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаярыг ажлын тав хоногт багтаан албан тушаалаас нь чөлөөлж өгнө үү” гэсэн хүсэлт гаргажээ. Ч.Даваабаяр одоогоос жил шахмын өмнө тус телевизийн захирлын сонгон шалгаруулалтад оролцоод тэнцсэн аж. Хүсэлт гаргасан ажилтнууд “Ч.Даваабаяр нь ашиг сонирхлын зөрчилтэй тул энэ хүнтэй цаашид хамтран ажиллаж чадахгүй” гэж ярьж байна.
Тус телевиз Ажлын хэсэг гарган, телевизийнхээ бүтэц, нэвтрүүлгийн хөтөлбөрөө шинэчлэхээр ажиллаж байгаа аж. Ажлын хэсэг шинэ бүтэц, шинэчилсэн хөтөлбөрөө ирэх арванхоёрдугаар сард Үндэсний зөвлөлд танилцуулахаар төлөвлөжээ. Үүнтэй холбоотойгоор МҮОНТ-ийн ажилтнуудын ажлын хөлсийг шударгаар тогтоож, телевизэд чанартай, сайн нэвтрүүлэг, уран бүтээл нийлүүлсэн продюсерийн баг илүү цалин авдаг, олигтой ажил хийгээгүй нь цалин багатай байх зарчим үйлчилдэг болох аж. Харин өдгөө тус телевизийнхэн тогтмол цалин авдаг гэнэ.
Эндээс л асуудал үүссэн бололтой. “Шинэчлэл зарим хүнд халгаатай нь үнэн. Тийм хүмүүс л эрх ашгаа хамгаалахын тулд эсэргүүцэл тэмцэл хийж байгаа байх” гэх уран бүтээлчид бас байв.
Үүссэн асуудлын талаар тэнцвэртэй мэдээлэл хүргэх үүднээс МҮОНТ-ийн захирал Ч.Даваабаяртай уулзлаа.
-Танай телевиз ямар шинэчлэл хийж байгаа юм бэ?
-Манай телевиз үзэгчдээс хураамж авч, тэдний өмнө үүрэг хариуцлага хүлээн, олон нийтэд үйлчилдэг байгууллага. Нэвтрүүлэг нь үзэгчдийн сэтгэлд хүрсэн, цацалт нь сайн байх ёстой. Үүнийг сайжруулах шаардлагатай байгаа учраас техник, нэвтрүүлгийн бодлогын шинэчлэл хийж байна. Хэвлэл мэдээллийн салбарын шинэчлэлийг 46 жилийн түүхтэй МҮОНТ өөрөөсөө эхлүүлье гэсэн юм. 2014 оны нэгдүгээр сарын 1-нээс шинэ бодлого, хөтөлбөрөөр бэлтгэсэн нэвтрүүлгээ үзэгчдэдээ хүргэнэ.
-Сэтгүүлч, уран бүтээлчдийг цомхтгох уу?
-Тэгж ойлгоод байх шиг байна. Хэнийг ч халахгүй. Халамжийн системээс татгалзаж, хэн сайн ажилласан нь илүү цалин авдаг болгох л гэж байгаа юм. Бүх байгууллага ажилчдаа хийснээр нь цалинжуулдаг шүү дээ.
-Таныг ETV-д хувь эзэмшдэг учраас ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзэж байгаа юм билээ.
-Би ашиг сонирхлын зөрчилтэй бол шалгуулахад бэлэн байна. Намайг МҮОНТ-д хохирол учруулсан, юмыг нь хувьдаа ашигласан гэж хардаж байгаа бол шалгуулъя. Бусад дарга нарыг ч бас хамт шалгуулъя гэж уриалж байна. Хувьдаа студи, продакшн ажиллуулаад явж байгаа хэрнээ МҮОНТ-д ажилладаг хүн цөөнгүй бий. Тэд МҮОНТ-ээр нэвтрүүлгээ цацдаг хэрнээ МҮОНТ-тэй ямар ч гэрээ байгуулаагүй. Төлбөртэй нэвтрүүлгийн мөнгийг юунд зарцуулсан нь тодорхойгүй. Хийсэн ажлын тайлан байхгүй. Ийм 2-3 студийг аудитын байгууллагаар шалгуулж байгаа. Тэр нөхөд энэ эсэргүүцэл тэмцлийг уриалаад явж байна. Энэ том телевиз өөрсдөө шинэчлэгдэх ёстой. Би энд ажиллаад жил шахам болж байна. “Танай телевиз орон нутагт гарахгүй байна. Дүрс нь танигдахгүй, муу гарч байна” гэсэн гомдол, шүүмжлэл их ирдэг байсан. Техникийн шинэчлэл хийснээр долдугаар сарын 1-нээс ийм асуудал байхгүй болсон. МҮОНТ-ийн маш олон оюуны өмчийг бүртгүүлж, хамгаалалтад авлаа.
Манай уран бүтээлчдийн 46 жилийн түүх, хүч хөдөлмөр шингэсэн бүтээлүүдийг оюуны өмчид бүртгүүлснээр эдийн засгийн эргэлтэд оруулах боломжийг нь нээж өгч байгаа юм. Үүнийг эргэлтэд оруулснаар МҮОНТ заавал төрөөс санхүүгийн дэмжлэг авалгүй, мөнгө олох боломжтой. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Том төрөөс ухаалаг төр рүү” гэсэн үндэсний чуулган боллоо. МҮОНТ “том” телевизээс ухаалаг телевиз рүү шинэчлэгдэж байгаа юм.
Х.БОЛОРМАА