Их спортод хүчин зүтгэж буй тамирчид ганц бие байх нь түгээмэл. Энэ нь тэдний шаргуу бэлтгэл сургуулилалт, тэмцээн уралдаантай холбоотой. АНУ-ын businessinsider.com сайт энэ жил ганц бие яваа алдартай тамирчдыг нэрлэжээ.
УСЭЙН БОЛТ (Ямайка)
27 настай, дэлхийн хамгийн хурдан хүн Болт ганц бие оддын жагсаалтад оржээ. Тэрбээр өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Английн жирийн нэгэн оффисын ажилтан, 22 настай Меган Эдуардстай болзож байв. Тэдний дурлал олимпийн үеэр эхэлсэн бөгөөд Меган Ямайкагийн гүйлтийн хувцсыг сурталчлах моделиор сонгогдож байжээ. Энэ үеэр алдарт гүйгч түүнд болзох санал тавьсан гэдэг. Гэхдээ тэдний дурлал удсангүй. Бүсгүй нэр алдартай байхаас илүүтэйгээр жирийн нэгэн байхыг илүүд үзсэн нь хосуудыг хоёр тийш болоход нөлөөлжээ.
ТОМАС ДЕЙЛИ (Англи)
Лондоны олимпийн баатруудын нэг Томас гурван настайдаа сэлж, долоотойдоо усанд үсэрч сурчээ. Харин нутагтаа болсон олимпод хүрэл медаль хүртэхдээ ердөө 17 настай байв. Түүнийг нэг хэсэг ижил хүйстэн гэх цуу яриа гарсан ч энэ талаар нэгэн хэвлэлд “Би ижил хүйстэн биш ээ. Гэхдээ хүмүүс ингэж боддогт огт санаа зовдоггүй. Харин инээд хүрдэг” хэмээн өгүүлж байв. Түүнчлэн яагаад охидтой болздоггүй талаарх нэгэн сэтгүүлчийн асуултад “Би зөвхөн спортод гол анхаарлаа хандуулдаг. Миний зорилго бол “Рио-2016”. Хэрвээ хэн нэг нь намайг ойлгохгүй бол энэ энгийн асуудал. Тэд миний сонирхох хүн биш” гэжээ.
АНА ИВАНОВИЧ (Серб)
Теннисийн спортын сайхан бүсгүйчүүдийн нэг Ана Иванович цагтаа теннисчин байсан, баян эр Марк Стиллитанотой хэсэг хугацаанд үерхэж байгаад өнгөрсөн нэгдүгээр сараас хоёр тийш болсон юм. Өмнө нь Адам Скотт, Фернандо Вердаско нартай нэр холбогдож явсан гоо бүсгүй өдгөө ганц бие амьдарч байна. ЛОЛО ЖОНС (АНУ) Энэ жил 31 хүрч буй Лоло Жонс эдүгээ хүртэл ганц бие яваад гайхах хүн олон. Цагтаа хөнгөн атлетикаар Америкийн урдаа барьдаг шилдэг тамирчин нь байсан тэрбээр өнгөрсөн хоёрдугаар сараас чарганы төрлөөр уралдах болж, Сочигийн олимпод оролцох, шигшээд багтаад буй. Харин HBO-гийн нэгэн нэвтрүүлэгт ”Хуримаа хийх нь олимпод бэлтгэхээс ч хэцүү” хэмээж олныг гайхшируулсан удаатай.
ЖУЛИЯ МАНКУСО (АНУ) Сочигийн олимпод Нэгдсэн улсын итгэл найдварын нэг гэгдэх уулын цанын тамирчин Жулия олимп, дэлхийн найман медальтай нэгэн. Өнгөрсөн есдүгээр сард дөрвөн жил дурлалын романс зохиосон Норвегийн Аксел Лунд Свинделээс салснаас хойш эрх чөлөөт амьдралыг илүүд үздэг болжээ.
АДРИАН ПЕТЕРСОН (АНУ) NFL-ын хурц оддын нэг Адриан Петерсон өнгөрсөн сард хоёр настай хүүгээ алдсан ч үргэлжлүүлэн тоглосоор байв. Энэ үед шүтэн бишрэгчид нь түүнээр бахархаж байлаа. Хүүгийнхээ ээжээс салснаас хойш ганцаараа амьдрах болсон тэрбээр хүүгийнхээ үхлийн талаар “Бурхан сайн хүмүүсийг дэргэдээ авдаг шүү дээ” хэмээн гуниглан ярьсан гэдэг.
РОНДА РӨҮЗИ (АНУ)
Ронда дөнгөж 17 настайдаа жүдо бөхийн төрлөөр Афины олимпод оролцож, хамгийн залуу жүдоч болсон түүхтэй. Оргил амжилтаа 2007 онд үзүүлж, Риогийн дэвжээнээс дэлхийн аваргын мөнгөн медаль зүүсэн. Дараа жил нь Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртсэн нь америкчуудын 16 жил хүлээсэн медаль байлаа. Үүнээс хоёр жилийн дараа жүдогоос мэргэжлийн тулаан руу урваж, өдгөө долоон тулаан хийж бүгдэд нь цэвэр ялжээ.
Алдарт “Maxim” сэтгүүл түүнийг 2013 оны халуухан 100 бүсгүйн тоонд оруулж, ESPN хамгийн тачаангуй тамирчнаар тодруулсан ч өдгөө хүртэл найз залуугүй яваад олон хүн гайхдаг. Харин Ронда ганц бие амьдралыг илүүд үздэг гэнэ.
СЕРЕНА УИЛЬЯМС (АНУ)
32 настай Уильямсын хувьд энэ жил амжилт арвин өнгөрсөн. Нийт 11 цом өргөснөөс хоёр нь Их дуулгын түрүү юм. Тэрчлэн 78 тулаанд өрсөлдөгчөө сөхрүүлж, эмэгтэйчүүдийн дэлхийн чансааг тэргүүлсэн хамгийн ахмад тамирчин болоод байна. Алдарт теннисчин энэ бүх амжилтаа хэн нэгэнтэй дотно харилцаанд ороогүйтэй холбон тайлбарладаг аж. Тэрбээр нэгэнтээ “Би эрчүүдтэй болзоогүй үедээ илүү сайн тоглодог” гэж өгүүлсэн удаатай.
Э.ТЭМҮҮЛЭН