Монгол Улсын Ерөнхийл өгч Ц.Элбэг доржийн Мьянмарын холбооны бүгд найрамдах улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Айлчлалын эхний өдөр хоёр орны Төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийсэн байна. Мьянмар улстай манай улс дипломат харилцаа тогтоосноос хойш анх удаа Төрийн тэргүүний хэмжээнд айлчилж буй учраас өндөр ач холбогдол өгч буй юм. Ганцаарчилсан уулзалтын үеэр тус улсын Ерөнхийлөгч Тейн Сейн “Энэ айлчлал хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт хөгжүүлж, шинэ шатанд гаргахад бодит хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Ялангуяа нийгэм, эдийн засаг, худалдаа, аж үйлдвэр, газар тариалан, соёл урлагийн салбар дахь хамтын ажиллагааг эрчимж үүлэхэд энэхүү айлчлал томоохон түлхэц болно” хэмээв.
.jpg)
Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжээд 20 гаруй жил өнгөрлөө. Тухайн үед бид эдийн засаг, улс төрийн чиглэлд ардчилсан шилжилтийг тайван замаар, амжилттай хэрэгжүүлсэн. Энэ тал дээр бидэнд цаашид суралцах зүйл их байгаа ч бусадтай хуваалцах зүйл чамгүй бий. Хоёр орны урлаг соёл, аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн, иргэд хоорондын харилцааг эрчимжүүлэх эрмэлзэл бидэнд байна. Манай хоёр орон байгалийн арвин баялаг нөөцтэйн хувьд төстэй. Тиймээс уул уурхайн салбарын харилцааг өргөжүүлэн, байгалийн баялгаа хэрхэн зөв ашиглах тал дээр хуримтлуулсан туршлагаасаа хуваалцахад бэлэн байна. Бидэнд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллаж, хоёр орны хооронд оюутан солилцоог эрчимжүүлэх боломж нээлттэй бий” хэмээв.
Хоёр орны хооронд шууд нислэгтэй болгох арга замыг судалж, боломж бололцоог бүрдүүлэх талаар ч албан ёсны хэлэлцээрийн үеэр хөнджээ. Мөн тус улс техник технологи импортлоход БНХАУ гэсэн ганц зах зээлтэй учир ОХУ-тай холбогдоход нь туслахыг манай улсаас хүссэн байна. Түүнчлэн уул уурхайн салбарт хамтран ажиллахаар санал нэгджээ. Үүний дараа хоёр орны Төрийн тэргүүн Монгол-Мьянмарын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо. Дипломат болон албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээрт УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Л.Болд, Мьянмарын холбооны бүгд найрамдах улсын Гадаад хэргийн сайд Уунна Маунг Луин нар гарын үсэг зурав. Дараа нь тус улсын Ерөнхийлөгч Тейн Сейн Монгол Улсын Ерөнхийлөгчийг хүндэтгэн зоог барьж, харилцан бэлэг дурсгалын зүйл солилцлоо. Зоогийн дараа Монгол Улсын Ерөнхийлөгчид зориулсан хүндэтгэлийн урлагийн тоглолт болсон байна.