Хөвсгөл аймгийн Рашаант сумын ахмад настнууд 1932 онд болсон зэвсэгт бослогын үеэр аав, ээж, төрөл төрөгсөд нь хэлмэгдсэн ч цагаатгаагүй, тухайн үйл явдлын талаар үнэн бодитой мэдээлэл байдаггүй гэж өчигдөр мэдээлэв. “Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисс энэхүү бослогын гэрчүүд нь амьд байгаа үед нь цагаатгаж, хэчнээн хүн хэлмэгдсэн талаар бодитой тоо гаргах, түүхийг үнэн зөвөөр бичиж, хойч үедээ үлдээх талаар дорвитой ажил явуулахгүй байна” гэсэн юм.
Рашаант сумын иргэн Ц.Бямба “Тухайн үед гадаад орны нөлөөнөөс болж ард түмнийг хооронд нь байлдуулсан. Энэхүү хэргээс болж 38 мянган хүн хэлмэгдсэн гэсэн албан бус тоо байдаг. Үүнээс 30 гаруй мянган хүнийг цагаатгасан” гэв. Уг үйл явдал өнөөг хүртэл маргаантай байдаг тул түүхийг ул суурьтай судалж, олон түмэнд таниулахыг дээрх сумын иргэд хүсэж байгаагаа илэрхийллээ. Уг асуудлаар Засгийн газар, холбогдох байгууллага болон Улсын дээд шүүхэд хандахаар болжээ.
Т.САЙНАА