Манай улсад дугуйн спорт хөгжөөд олон он өнгөрсөн боловч уулын дугуйн төрөл төдийлөн өндөр хөгжөөгүй. Тиймээс Монголын дугуйн холбоо, “Аттила” клуб хамтарч хэсэг дугуйчдыг БНХАУ-д гурван сар хамтарсан бэлтгэл хийлгэжээ. Тэдний нэг болох спортын мастер С.Жамбалжамцтай уулзаж ярилцлаа.
-Яагаад дугуйн спортыг сонирхож хичээллэх болов?
-Аав, ээж хоёр маань намайг гурван настай байхад анх дугуй авч өгсөн гэдэг. Түүнийгээ унаж сурах гэж өдөр бүр оролддог байлаа. Ингэж л анх дугуйтай танилцсан даа. Зургадугаар ангид байхдаа БТСДуСд хөлбөмбөгийн ангид орсон юм. Гэтэл хөлбөмбөгийн анги нь хаагдаад, наймдугаар ангид ордог жилээ Б.Болдбаатар багшийн удирдлага дор дугуйгаар хичээллэх болсон. Өвөл нь бэлтгэл хийж эхлээд хавар анхны нээлтийн тэмцээндээ оролцож, хоёр, гуравдугаар байр эзэлсэн удаатай. Түүнээс хойш тэмцээн, уралдаанд тогтмол оролцож байна.
-Гаргасан амжилтууд гэвэл?
-Өнгөрсөн жил УАШТ-ээс хос мөнгө, нэг хүрэл медаль хүртсэн. Энэ жил олон өдрийн уралдаанаас хоёр хүрэл медаль, залуучуудын УАШТ-ий цуваа гараанд 25 км зайг 33 минут, 26 секундэд туулж түрүүлэн спортын мастерын болзол хангасан. Өнгөрсөн өвөл манай сургууль, “Аттила” клуб хамтарч БНХАУ-д гурван сар дугуйн бэлтгэл хийсэн юм. Тэнд байхдаа уулын дугуйн тэмцээнд оролцож, 200 гаруй тамирчнаас зургадугаар байр эзэлсэн. Манай клубийн ах нар алт, мөнгө, хүрэл медиалиудыг зүүсэн.
-Олон улсын тэмцээнд оролцож байв уу?
-Залуучуудын Азийн АШТ-д 18 тамирчнаас 10-т орсон. Мөн Өвөр Монголд зохиогдсон “Чингис хаан” тэмцээнд уулын дугуйн төрлөөр оролцож, шагналт долдугаар байр эзэлсэн дээ.
-Урд хөршид бэлтгэл хийхэд ямар зүйл ажиглагдаж байв?
-Өвөл бэлтгэл хийх зорилготой явсан. Манайд өвөл бэлтгэл хийхэд хүндрэлтэй байдаг. Цаг агаар, зам гээд л. Ихэнхдээ зааланд бэлтгэл хийдэг ч энэ нь зориулалтын замтай харьцуулахад бэлтгэл хийсэн болдоггүй. Тэнд байх гурван сарын хугацаанд их зүйл сурч авсан.
-Дугуйн аль төрлөөр нь голчлон хичээллэдэг вэ?
-Олон улсад уулын дугуй, уралдааны дугуй гэж хоёр төрөл бий. Монголд уралдааны дугуй түлхүү хөгжсөн гэж хэлж болох байх. Тиймээс энэ төрлөөр дагнаж бэлтгэлээ хийдэг. Уулын дугуй илүү техник, хүч шаардсан төрөл. Дотроо ч олон төрөлтэй. Харин Хятадад байхдаа гурван сар уралдааны дугуйн бэлтгэл хийсэн. Ер нь болмоор санагдсан шүү.
-Цаашдаа ямар тэмцээнд оролцох зорилготой байна?
-Одоо өвөл болсон тул тэмцээнүүд зохиогдохгүй байгаа. Ирэх оны дөрөвдүгээр сараас л нээлтийн тэмцээнүүд болох байх. Харин олон улсын тэмцээнд урилга ирвэл оролцоно доо. Ирээдүйд мэргэжлийн дугуйчин болох мөрөөдөлтэй.
-Гадаадад тэмцээнд явахад зардал мөнгөний асуудлаа яаж зохицуулдаг вэ?
-Миний зардлыг “Аттила” клубээс зохицуулдаг. Дугуй, сэлбэг, хувцас хэрэглэл гээд шаардлагатай бүхнийг клубээс гаргаж өгдөг. Энэ дашрамд тус клубын захирал З.Наран ахдаа талархаж явдгаа илэрхийлье.
-Анх энэ клубт хэзээнээс харьяалагдах болов?
-Манай спорт сургууль, “Аттила” клубээс хамтарч ажилладаг. Анх дугуйгаар хичээллэж эхэлсэн цагаасаа тус клубийн нэр дээр уралдаж байна даа. Манай клубт нийт 20-30 тамирчин хичээллэдэг.
-Эхээс хэдүүлээ вэ?
-Би айлын ганц хүү. Одоо 17 настай. Хоёр жилийн өмнө аав маань бурхан болсон юм. Одоо ээжтэйгээ цуг амьдардаг. Танай сониноор дамжуулж хүү нь таньдаа хайртай шүү, итгэлийг чинь алдахгүй, хичээнэ гэж хэлье.
Ярилцсанд баярлалаа. Улам их амжилт гаргахыг хүсье.
-Намайг өдий зэрэгтэй амжилт гаргах үндэс суурийг тавьж өгсөн Б.Болдбаатар багшдаа маш их баярлаж явдгаа хэлье. Мөн “Аттила” клубийн дасгалжуулагч Б.Болдбаатар багшийн хүү ОУХМ Б.БолдЭрдэнэ ахдаа тусалж, дэмждэгт нь талархдаг.
Э.ТЭМҮҮЛЭН