Мьянмарын холбооны бүгд найрамдах улсын Парламентын дээд танхимын дарга Кин Аунг Мьин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсанаар тус улсад хийж буй төрийн айлчлалын хоёр дахь өдөр эхэллээ. Мьянмарын Парламент хоёр танхимаас бүрдэх агаад 224 гишүүнтэй дээд танхим буюу Үндэстний Парламентын спикерийн албыг 2010 оны арваннэгдүгээр сараас хойш тэрбээр хашиж буй аж. Кин Аунг Мьин “Монгол Улсын эрхэмсэг Ерөнхийлөгч таны айлчлал хоёр орны харилцаанд үнэтэй хувь нэмэр оруулж, шинэ шатанд гаргана гэдэгт найдаж байна” хэмээгээд төрийн албаны шинэтгэл, шүүхийн шинэчлэлийн тал дээр Монгол Улсаас туршлага судлах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Дараа нь Мьянмарын холбооны бүгд найрамдах улсын Парламентын байнгын хороонд дугуй ширээний уулзалт хийв. Манай талаас Гадаад харилцааны сайд Л.Болд, Монгол Улсаас Мьянмарын холбооны БНУ-д хавсран суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Баттөмөр, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин зэрэг албаны хүмүүс байлцсан бол Мьянмарын ардчиллын төлөө Үндэсний намын тэргүүн, Нобелийн шагналт Аунг Сан Сү Чий мөн оролцлоо.

Уулзалтын эхэнд Ц.Элбэгдорж “Монгол, Мьянмарын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 57 жилийн дараа миний бие Монгол Улсын төрийн тэргүүний хувьд анх удаа айлчилж байгаадаа баяртай байна” хэмээгээд ардчиллын тогтолцоонд амжилттай шилжиж чадсан манай улсад албаны төлөөлөгчдийг айлчлахыг урилаа. Харин хатагтай Аунг Сан Сү Чий Монгол Улсын Ерөнхийлөгч айлчилж буйд баяртай байгаагаа илэрхийлээд Монгол Улсын төрийн тэргүүн Мьянмарын нутаг дэвсгэрт 730 жилийн дараа анх удаа айлчилж байгааг тодотголоо. Учир нь тус улсын Багаан хотыг Хубилай хаан эзэлж, байлдан дагуулж байсан түүхтэй аж. Түүнээс хойш манай талаас 1969, 1976, 1984, 2013 онд Гадаад хэргийн сайд, дэд сайдын түвшинд албан ёсны айлчлал хийж байжээ. Парламентын байнгын хороонд хийсэн дугуй ширээний уулзалтын үеэр хөндсөн өөр нэгэн сэдэв нь хэвлэлийн эрх чөлөө хийгээд сонгуулийн тогтолцооны тухай байв. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсад 60 гаруй телевиз, 20 орчим өдөр тутмын сонин хэвлэл, мэдээллийн 300 гаруй цахим хуудас үйл ажиллагаа явуулж буй, хэвлэлийн эрх чөлөө Монголд сайн хөгжсөнийг онцлоход хатагтай Аунг Сан Сү Чий “Манай улсын хувьд хэвлэлийн эрх чөлөөний тухай ойлголтыг сайтар боловсронгуй болгосны дараа чөлөөлөхгүй бол хөрөнгө мөнгөтэй улстөрчид хэвлэлийн эрх чөлөө гэх нэрийн дор олон телевиз байгуулж, түүнийгээ ашиглан ард түмний тархийг угааж болзошгүй тул бид хэвлэлийн эрх чөлөөг одоогоор нээлттэй болгож чадахгүй. Тиймээс миний бодлоор манай улсад хэвлэлийн эрх чөлөөг сул тавибал хувь хүний үзэл санааг сурталчилж, тулгаж болзошг үй гэсэн айдас бий” гэлээ. Харин тэрбээр манай улсын сонгуулийн системийг сайшаагаад “Манай улсад танайхаас ялгаатай нь Сонгуулийн хороог Ерөнхийлөгч өөрөө байгуулах тухай Үндсэн хуульд тусгасан тул сонгуультай холбоотой бүх асуудал нь Ерөнхийлөгчөөс хараат, хамааралтай болдог сул талтай. Тиймээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлагатайг тодотголоо.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хатагтай Аунг Сан Сү Чийд вансэмбэрүү бүхий уран зураг дурсгаснаар уулзалт өндөрлөв. Дараа нь тэрбээр Монголын сэтгүүлчдийн сонирхсон цөөн асуултад хариуллаа.
-Монгол Улсын төрийн тэргүүний айлчлалын талаар Та сэтгэгдлээ хуваалцахгүй юу.
-Бид ноён Ерөнхийлөгчтэй дахин уулзсандаа баяртай байна. Манай төр засаг ардчиллын бодит шилжилт хийхэд чухам юу хийх хэрэгтэй вэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийл өгчийн энэхүү айлчлалаас ойлгож ухаарсан биз ээ.
-Ардчиллын асуудлаарх Монгол болон Мьянмар улсын харилцааны цаашдын ирээдүйг Та хэрхэн харж байна вэ?
-Бид эгч дүүгийн харилцаатай гүрнүүд. Манай улс ардчилал болон бусад шилжилт, хөгжлөөр Монголтой эн зэрэгцээд зогсохгүй давж гарна гэж найдаж байна гэв.