.jpg)
Дэлхийн аварга цолыг эзэмшигч Анандаас титмийг нь булаахаар өрсөлдөж буй Норвегийн шатарч Карлсен халз тоглолтыг найман өргийн дараах байдлаар 5:3-аар тэргүүлж явна. Тэмцээний долоо дахь өрөгт Энэтхэгийн их мастер дахин цагаанаар наадсан ч гараан дээр давуу байрлал авч чадахгүй байсаар 33 дахь нүүдэл дээрээ тэнцжээ. Өргийн талаар Оросын их мастер Ян Непомнящий Twitter-тээ “Ананд өнөөдөр ялагдалтайгаа эвлэрчихсэн юм шиг л тоглолоо. Гэвч түүнийг бууж өгөөгүй гэдэгт найдъя. Дахиад бүхэл бүтэн таван өрөг бий шүү дээ” гэж жиргэжээ.
Харин дэлхийн 13 дахь аварга Гарри Каспаров "Хэрвээ одоо Карлсен л сандрахгүй юм бол тэмцэл нэгэнт дууссан. Одоо тэр үлдсэн өргүүдэд Карпов шиг дундыг барих уу, Фишер шиг заавал хожно гэж зүтгэх үү? гэдгээс их зүйл шалтгаална. Тэмцээн өндөрлөх дөхөх тусам Магнус дарамтыг мэдэрч, тэр хэмжээгээр сандрахыг үгүйсгэх аргагүй. Ямар ч байсан сэтгэлзүйн хувьд амаргүй болж ирэх нь гарцаагүй ч Карлсен дэлхийн аварга болох хэмжээнд хүрчихжээ. Миний бодлоор энэ удаагийн өрсөлдөөнд 12 биш 10 өрөг хангалттай байх" гэж бичжээ.
Харин найм дахь тавил бүр богинохон хугацаанд өрнөсөн. Берлиний хамгаалалтыг сонгосон энэ өрөгт тэд ердөө нэг цаг л зарцуулж, ээлжит эвийн гэрээгээ байгуулсан юм. Тоглолт хурдан шийдэгдсэн ч хэвлэлийн хурал товлосон хугацаанаасаа 20 минут эхэлсэн аж. Энэ талаар өрсөлдөгчид тайлбарлахдаа “Допингийн шинжилгээ өгөөд удлаа” гэжээ.

А.ЭРДЭНЭБОЛД