Автомашины дугаарын хязгаарлалтыг цуцлах тухай санал асуулга дахин явуулах талаар өргөдөл гомдол ихээр ирсэн тул Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах Ажлын хэсгийнхэн иргэдээс дээрх саналыг энэ сарын 13-15-нд явуулсан юм. Дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх эсэх талаар явуулсан санал асуулгын дүнг нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар өнгөрсөн бямба гаригт хэлэлцэв.
Нийслэлийн Засаг даргын Зам тээвэр, дэд бүтцийн асуудал хариуцсан орлогч Н.Гантөмөр “Цахим хуудсаар давхардсан тоогоор 31 мянга 280 иргэн оролцож, 72.3 хувь нь дугаарын хязгаарлалтыг зогсоохыг дэмжсэн. Харин “Мобиком”-ын 100 мянган хэрэглэгчээс мессежээр санал авахад 50.3 хувь нь цуцлах шаардлагагүй гэсэн хариулт өгсөн. Цахим хэрэгслийн дүнг харахад нэг хэрэглэгч хэд хэдэн удаа санал өгсөн тохиолдол илэрсэн. Хоёр са налын дүн зөрүүтэй гарлаа” гэв.
Дугаарын хязгаарлалтыг зогсоох юм бол томоохон зах, худалдааны төвийн ажиллах цагийн хуваарьт өөрчлөлт оруулж, Чингисийн өргөн чөлөөний авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобус зорчуулах, төлбөртэй 20 зогсоол шинээр барих ажлыг хийхээр төлөвлөсөн байна. Энэ үеэр нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Өдөрт 60- 80 мянган автомашин дугаарын хязгаарлалтад хамрагддаг. Үүнийг зогсоох юм бол дээрх тооны автомашин хөдөлгөөнд нэмж оролцоно. Түүнээс гадна энэ онд нийслэлийн хэмжээнд 47 мянган тээв рийн хэрэгсэл шинээр улсын дугаар авсан байна. Дугаарын хязгаарлалтыг зогсоох юм бол өглөө оройгүй түгжрэл үүснэ гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй” гэсэн юм. Иймд хоёр санал зөрүүтэй гарсан тул нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар энэ сарын 27-нд 07.00-22.00 цаг хүртэл “Мобиком”-ын 200 мянган хэрэглэгчээс дахин санал авахаар болов.
Т.САЙНБУЯН