Зүүн өмнөд Азийн зарим улсад хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч болон түүний айлчлалын бүрэлдэхүүнд багтаж буй албан ёсны хийгээд Ажлын хэсгийнхэн, бизнесийн төлөөлөгчид өнгөрсөн пүрэв гаригт Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсын Ханой хотын “Ной Бай” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийг Монгол Улсаас БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат болон Вьетнамын талаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, төрийн сайд Дао Вьет Чунг, БНСВУаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хоанг Дүан Тхинь зэрэг албаны хүмүүс угтан авч, Хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлэв. Түүхийн нэгэн жарныг элээж буй манай хоёр улсын дипломат харилцаа найрамдалт, хамтын ажиллагааны түвшинд үргэлжилж буй агаад Монгол Улсын Ерөнхийлөгчийн энэхүү айлчлал хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал түлхэц болохыг уулзалтын үеэр талууд тодотгож байлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг БНСВУ-ын Ерөнхийлөгч Чыонг Тан Санг Ерөнхийлөгчийн ордонд албан ёсоор угтан авсан бөгөөд ёслолын ажиллагааны үеэр Хүндэт харуул жагсан, Монгол Улс хийгээд БНСВУын төрийн дууллыг цэргийн үлээвэр хөгжмөөр эгшиглүүлсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч “Эрхэмсэг ноён Ерөнхийлөгч Таны урилгаар танай сайхан оронд айлчилж буйдаа бид туйлын баяртай байна. Манай хоёр орны харилцаа бол бидний өмнөх үеийн, алдартай удирдагчид үндэс суурийг нь тавьсан сайхан харилцаа юм. Вьетнам, Монголын харилцаа түүхэндээ өргөжин тэлсээр ирсэн. Хоёр орны хууль тогтоох дээд байгууллагууд хоорондын харилцаа идэвхтэй өргөжиж байгаа. Мөн Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, манай Тамгын газар хоорондын харилцаа эрчимжиж байгаад баяртай байна. Батлан хамгаалахын салбарт хоёр талын харилцаа өргөжин тэлж буйд сэтгэл хангалуун байдаг” хэмээгээд энхийг сахиулах хүчний чиглэлээр хамтран ажиллах сонирхолтой буйгаа дуулгалаа. Дараа нь ноён Чыонг Тан Санг Монгол Улсын Ерөнхийлөгчийг албан ёсны хэлэлцээрт урив.
Хэлэлцээрийн үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Монголын малын тоо толгой 50 сая гарсан. Бид Вьетнамд хөлдөөсөн мах нийл үүлэх боломжтой. Харин танайд эмийн үйлдвэрлэл сайн хөгжсөн. Тиймээс энэ салбарт хамтарч, Монголын эм үйлдвэрлэх төслүүдийг дэмжихийг хүсье” хэмээв. Түүнчлэн уул уурхай, газрын тосны салбарт хамтран ажиллах өргөн боломж бийг ч тодотгоод Улаанбаатар-Бээжин-Ханой чиглэлд нислэг хийдэг болбол хоёр орны харилцаанд томоохон түлхэц болно гэж үзэж буйгаа сонордууллаа. Хэлэлцээрийн үр дүнд хоёр улсын хамтын ажиллагааны дөрвөн бичиг баримтад гарын үсэг зурав. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болд болон БНСВУ-ын Шадар сайд, Гадаад хэргийн сайд Фам Бинь Минь нар БНСВУ-ын Гадаад хэргийн яам, Монгол Улсын Гадаад харилцааны яам хооронд хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсан бол Батлан хамгаалахын дэд сайд А.Баттөр болон БНСВУ-ын Үндэсний батлан хамгаалахын дэд сайд Чыөнг Гуанг Хань нар мөн яамд хооронд хамтран ажиллах санамж бичгийг үзэглэлээ. Хэлэлцээрийн өөр нэгэн “олз” нь Монгол Улсын Хууль зүйн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Баярцэцэг, БНСВУ-ын Нийгмийн аюулгүй байдлын дэд сайд, дэслэгч генерал То Лам нар гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр хамтран ажиллах тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал байв.
Хатагтай Ж.Баярцэцэг “Энэ бүс нутагт нэлээд чухал асуудал болж байгаа хүн худалдаалах, хар тамхины наймаа, мөнгө угаах, терроризм гэх мэт үндэстэн дамжсан гэмт хэргүүд дээр хамтран ажиллах, мэдээлэл солилцох, мөн ажилтнуудынхаа туршлагыг хуваалцах, чадавхийг бэхж үүлэх чиглэлээр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Ер нь ХЗЯ-ны зүгээс сүүлийн жилүүдэд Зүүн өмнөд Азийн орнуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, ялангуяа энэ бүсэд гарч байгаа гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх чиглэлээр нэлээд шаргуу бодлого хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд хэд хэдэн гэрээ, хэлэлцээр төлөвлөж буйгаас эхнийхийг нь ийнхүү БНСВУ-тай байгуулж буй юм” гэлээ. Эцэст нь Монгол Улсын Газрын тосны газрын орлогч дарга Ц.Амраа, БНСВУ-ын Газрын тос, байгалийн хийн группийн Ерөнхийлөгч До Вань Хау нар хамтын ажиллагааны Санамж бичигт гарын үсэг зурсан. Орлогч дарга Ц.Амраа сэтгүүлчдийн сонирхсон асуултад ийнхүү хариуллаа.
-Хэлэлцээрийн ач холбогдлыг Та хэрхэн дүгнэж байна вэ?
-Газрын тосны газар “Петро Вьетнам” компанийн хооронд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. “Петро Вьетнам” компани Зүүн хойд Азидаа газрын тос, байгалийн хийн хайгуул, олборлолтын чиглэлээр тэргүүлэх компаниудын нэг. Тус компани улсынхаа төсвийн 25-30 хувийг дангаар бүрдүүлдэг, одоогоор дэлхийн 20 гаруй оронд төсөл хэрэгжүүлж байгаа. Нийт олборлолтынхоо 60 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Өдөртөө 200 мянган баррель газрын тос олборлодог. “Петро Чайна” компанийн манай улсад хэрэгжүүлж буй төслийн таван хувийг эзэмшдэг юм. Вьетнамын тус компанитай газрын тосны хайгуул, олборлолтын чиглэлээр хамтарч ажиллахаас гадна мэргэжилтнүүдээ солилцохоор санамж бичигт гарын үсэг зурлаа.
-“Петро Вьетнам” компани манай улсад хийн түлшний шинэ технологи нэвтрүүлэх боломжтой юу?
-“Петро Вьетнам” компани хайгуул, олборлолт, гааз, байгалийн хийн олборлолт, боловсруулах үйлдвэр байгуулах, техник тоног төхөөр өмж нийлүүлэх гэх мэт таван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс эдгээрийн аль ч чиглэлээр манайхтай хамтран ажиллах боломжтой гэв. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч БНСВУ-ын эрхэмсэг Ерөнхийлөгч Чыонг Тан Сангийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа. Дараа нь БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуен Тан Зунг Монгол Улсын Ерөнхийлөгчид бараалхлаа. Уулзалтын үеэр хоёр талын харилцааг эрчимжүүлэхийн төлөө хийж буй ажлууд, цаашид хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжтой салбар, нөөц боломжийн талаар ярилцав. Мөн Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын харилцааг хөгжүүлэх арга зам, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэх талаар санал солилцсон.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн БНСВУ-д хийж буй төрийн айлчлалын хоёр дахь өдөр тэрбээр Вьетнамын дайнд амь эрсэдсэн, нэр нь үл мэдэгдэх дайчдад зориулан 1993 онд байгуулсан Үндэсний баатруудын хөшөөнд цэцэг өргөлөө. Улмаар айлчлалын албан ёсны төлөөлөгчид Вьетнамын Үндэсний Ассамблейн ордныг зорьж, дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ханой хот дахь Вьетнамын Гадаад хэргийн яамны дэргэдэх Дипломатын академид зочилж, лекц уншсан юм. Түүнчлэн айлчлалын хөтөлб өрийн дагуу Хо Чи Мин хотод хүрэлцэн ирж, Вьетнам, Монголын бизнес форумд оролцлоо. Энэ үеэрээ тэрбээр Хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн баталж, бизнесийн тогтвортой байдлыг баталгаажуулсан тухайгаа Вьетнамын бизнес эрхлэгчдэд сонордуулсан. Түүнчлэн гуравдагч хөрштэйгөө хамтран ажиллаж, хөрөнгө оруулалтыг тэнцвэржүүлэх нь үндэсний эрх ашигт нийцсэн чухал асуудал болохыг тодотгоод Вьетнамыг гуравдагч хөршөө гэж үзэж буйгаа дуулгалаа. Бүгд Найрамдах Социалист Вьетнам улсад Монгол Улсын Ерөнхийл өгч Ц.Элбэгдоржийн хийсэн төрийн айлчлал ийнхүү өндөрлөсөн агаад Зүүн өмнөд Азийн орнуудын айлчлал Сингапурт үргэлжилнэ.