Боловсрол бол мэдлэг. Мэдлэг бол зэвсэг. Тиймээс боловсрол хэмээх “зэвсэг”-ээр дамжуулан бүс нутагтаа энх тайвныг тогтоож, улс орноо хөгжүүлэх зорилго агуулсан Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчдын төлөөлөл өчигдөр Төрийн ордонд чууллаа. УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгээс НҮБ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага ЮНЕСКО-той хамтран “Боловсролоор дамжуулан энх тайван, хөгжлийг урагшлуулахад эмэгтэй парламентчдын гүйцэтгэх үүрэг” уулзалт зохион байгуулсан нь энэ. БНХАУ, БНСУ, БНАСАУ, ОХУ-ын төлөөлөгчид уулзалтад иржээ. Японы парламентчид ирж чадахгүй болсон учир мэндчилгээ дэвшүүлсэн байна. УИХ-ын дарга З.Энхболд арга хэмжээг нээж үг хэлсэн. Тэрбээр “2012 онд манай улсын санаачилгаар НҮБ “Ардчиллын боловсрол”-ын тухай тогтоол баталсан. Мөн хэдхэн хоногийн өмнө НҮБ-ын ЮНЕСКО манай улсын санаачилсан “Ардчиллын боловсролоор дамжуулан дэлхийн иргэнийг төлөвш үүлэх зорилтыг дэмжих” тухай тогтоолыг санал нэгтэй баталлаа. Эдгээр тогтоол та бүхний чуулга уулзалтын зорилготой нийцэж байна” гээд Зүүн хойд Азийн орнуудын эмэгтэй парламентчид бүс нутгийнхаа, цаашилбал дэлхий дахины энх тайван, хөгжил дэвшлийн төлөө хүчин чармайлтаа нэгтгэн хамтарч ажиллахыг хүсээд, УИХ-ын даргын хувиар санал, санаачилгыг нь дэмжихээ мэдэгдсэн юм.
Хурал даргалсан УИХ-ын гишүүн М.Батчимэг “Боловсрол бол хөгжил дэвшлийн гол хөдөлгөгч хүч, амар амгалан амьдралын үндэс, ядуурлыг бууруулах гол арга хэрэгсэл юм. Тэр тусмаа охид, эмэгтэйчүүдийн боловсрол, түүний хүртээмж, чанарыг дээшлүүлэх нь дэлхий нийтийн хэмжээнд гэр бүл, нийгмийн сайн сайхны төлөө хийх хамгийн чухал алхам хэмээн тооцдог. Тиймээс боловсролын тухай яриа бол Та биднийг нэгтгэх, аливаа ялгаагаа даван туулж, хамтдаа урагшлах боломж” хэмээн онцолсон. Дэлхий даяарчлагдаж буй энэ нөхцөлд хөгжилд хөтлөх, энх тайван тогтоох нэг том зэвсэг нь боловсрол болж буйг оролцогчид ч ярьж байлаа. Дэлхий нийтэд харьцангуй хаалттай БНАСАУ-ын Ардын дээд хурлын гишүүн Ким Сон Хуйгийн илтгэл сонирхолтой санагдсан. Цөмийн зэвсэг үйлдвэрлэж, үе үе Өмнөд Солонгосоо, тэр хэрээр дэлхийг сандаргаад байдаг тус улс боловсролоор дамжуулан Солонгосын хойг болон бүс нутагтаа энх тайван тогтооход хувь нэмрээ оруулна гэсэн нь ч содон байв. Японы дарангуйлалд өртөж, дайны хөлд нэрвэгдээд байдал хүнд байсан ч 1958 оноос бага, дунд боловсрол олгохыг чухалчилсан гэнэ. 2011 оноос бүх иргэнээ хүйсээр ялгалгүй 11 жилийн боловсролд хамруулж буй аж.
Мөн ирэх оны дөрөвдүгээр сараас тэд 12 жилийн сургалтын систем нэвтрүүлж, олон улсын стандартыг хангахаар төлөвлөсөн байна. Эцэг Ирүүдийн “Боловсроход хязгаар үгүй” гэдэг зарчмыг одоогийн удирдагч Ким Жөн Ун үргэлжлүүлж байгааг төлөөлөгч нь ярьсан. Хойд Солонгос бүх нийтийн анхан шатны боловсролд ийнх үү анхаарч буй бол өмнөд нь глобал иргэний бодлого хэрэгжүүлж буй аж. БНХАУ-ын тухайд эмэгтэй хүнийг дорд үзэх сэтгэлгээгээ сүүлийн жилүүдэд халж эхэлснээр Парламентын гишүүдийнх нь 20 хувь нь бүсгүйчүүд болжээ. Хамгийн олон хүн амтай тус улсад дэлхийн нийт эмэгтэйн тавны нэг нь амьдардаг. Тиймээс тэдний боловсролын асуудлыг шийдвэл дэлхийн бүсгүйчүүдийн 20 хувийнх нь эрх хангагдах гэнэ. Бичиг үсэггүй байдлыг халах, тэгш эрхтэйгээр боловсрол олгохоор 10 том зорилго тавиад ажиллаж буй юм билээ. Манай улсын тухайд иргэнийхээ боловсролд анхаарч, бүсгүйчүүдийн шийдвэр гаргах түвшний оролцоог нэмэгдүүлж буйг Д.Оюунхорол гишүүн дуулгасан. Зөвхөн бичиг үсэгт тайлагдах биш, бусадтай зөв харилцах, үзэл бодлоо илэрхийлэх зэргээр иргэний боловсрол олгох талаас нь анхаарч ажиллах нь зөвийг тэд онцолсон юм. Хурлын үеэр техникийн саатлаас болоод солонгос, хятад хэлний шууд орчуулга бага зэрэг саатаж, түр завсарласныг эс тооцвол ийм томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулсанд оролцогчид сэтгэл хангалуун байлаа.
С.ТУУЛ