Хөвсгөл аймгийн ИТХ-аас аймгийн МАН-ын хорооны дарга Л.Ганболдыг Засаг даргад удаа дараа нэр дэвшүүлсэн ч Ерөнхий сайд батламжлаагүй. Тиймээс Монгол Улсын засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26.4 дэх заалтыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг зөрчиж, аймгийн ИТХ-аас Засаг даргад хоёр дахь удаагаа нэр дэвшүүлсэн хүнийг тав хоногийн дотор батламжлаагүй гэдэг үндэслэлээр Л.Ганболд нийслэлийн Захиргааны хэргийн шүүхэд хандаад байсан билээ. Тэрбээр эл гомдлоо өнгөрөгч нэгдүгээр сарын 15-нд гаргаж, мөн сарын 24-нд хэрэг үүсгэсэн ч өнгөрөгч сарын 22-ны өдрийг хүртэл нийслэлийн Захиргааны хэргийн шүүхээс хэргийг түр түдгэлзүүлээд байсан юм. Учир нь Л.Ганболдыг нэр дэвшүүлсэн ИТХ-ын хуралдаан хууль бус гэдэг үндэслэлээр аймгийн ИТХ дахь АН-ын бүлгийн ахлагч М.Ганболд гомдол гаргаж, шүүхээс хэрэг үүсгэсэн байсныг өнгөрөгч сарын 22-ны өдөр эцэслэн шийдвэрлэж, түүнийг нэр дэвшүүлсэн хуралдаан хуулийн хүрээнд явагдсаныг тогтоосон байна. Ийнхүү түр түдгэлзүүлээд байсан хэргийг сэргээн хэлэлцсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна.
Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх Л.Ганболдын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхг үй болгох шийдвэр гаргажээ. Шийдвэрийн талаар Л.Ганболдоос тодруулахад, “Энэ төрлийн маргааныг шийдвэрлэж байсан өмнөх жишгээс тэс өөр шийдвэр гарлаа. Дараагийн шатны давж заалдах, хяналтын болон Дээд шүүхийн Ерөнхий шүүгчид хандах маягаар асуудлын эцсийг харна гэвэл 2014 оны төгсгөлд нэлээд дөхүүлж байж шийдвэр гарахаар байна. Шүүхийн албан ёсны шийдвэр гарснаас хойш 14 хоногийн дотор дараагийн шатны шүүхэд хандах эсэхээ шийдвэрлэх учиртай. Одоогоор давж заалдах эсэхээ шийдээгүй байна. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчид, тэр дундаа ИТХ дахь намын бүлэг, аймгийн намын хорооныхонтойгоо зөвлөлдөнө. Миний бие ямар ч байсан ард түмний сонголтыг хамгаалахын төлөө тууштай явна” гэлээ.
Б.НОМИН