Нийслэлийн Бондын журмыг нийслэлийн ИТХТ өргөн мэдүүлэхээр болж, дээрх хугацаанд дахин сайн боловсруулах үүргийг нийслэлийн Эдийн засгийн хөгжлийн газарт өгөв. Харин Улаанбаатар хотыг Улсын зэрэглэлтэй хот болгох, цахилгааны дэд станцын барилгын байршил тогтоох, нийслэлийн нутаг дэвсгэрт зах, худалдааны төв ажиллах журмыг хойшлуулав.
Түүнчлэн оршуулгын газрын хэмжээ, хамгаалалтын бүс тогтоох тухай нийслэлийн ИТХТ өргөн барих байсан ч уг асуудлаар журам боловсруулахыг нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл даалгасан юм. Учир нь нийслэл хотод 20 гаруй оршуулгын газар байдгаас зургаан газар зөвшөөрөлтэй үйл ажиллагаа эрхэлдэг байна.
Сүүлийн жилүүдэд иргэдийн шашин шүтлэгээс болж зөвшөөрөлгүй газар талийгаачийг ил оршуулах болсон талаар Улаанбаатар хотын Захирагчийн албаны дарга Б.Бадрал хэлсэн юм. Иймд зөвшөөрөлгүй газрыг хэрхэн цэгцлэх болон ил оршуулж байгааг зогсоох тухай журмыг боловсруулахаар боллоо.