Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Зүүн өмнөд Азийн зарим оронд хийж буй төрийн айлчлалын хөтөлбөрийн дагуу энэ сарын 24-ний орой Бүгд Найрамдах Сингапур улсын “Чанги” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирлээ. Албан ёсны болон Ажлын хэсэг, бизнесийн өргөн төлөөллөөс бүрдэж буй айлчлалын бүрэлдэхүүн тус улсын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зочилсноор айлчлал эхэлсэн юм. Сингапур улсад албан ёсны айлчлал хийж буй улс гүрний төрийн тэргүүн тус цэцэрлэгт Сингапурын бэлгэдэл болсон цахирмаа цэцэг болон мод тарьдаг уламжлал нэгэнт тогтсон аж. Түүний дагуу Ерөнхийлөгч мод тарьж, түүндээ “Элбэгдорж” хэмээх нэр хайрлалаа. Дараа нь тэрбээр төлөөлөгчдийн хамт Сингапурын Ерөнхийлөгчийн “Истана” ордныг зорив. Ордны үүдэнд Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхийлөгч Тони Тан Кенг Яам Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг албан ёсоор угтан авч, Хүндэт харуул жагсан хүндэтгэл үзүүлсэн бөгөөд хоёр улсын төрийн дуулал эгшиглүүлэн, төрийн далбааг мандууллаа.
.jpg)

Албан ёсны уулзалтын үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Сингапур улсаас суралцах зүйл их байгааг тодотгов. Тухайлбал, тус улсын Засгийн газрын системийг Монголд нутагшуулахыг хүсэж буйгаа илэрхийллээ. Учир нь тэдний төрийн системийн үйл ажиллагаа хамгийн үр дүнтэй, авлигагүй гэдгээрээ дэлхийд алдаршсан аж. “Темасек” холдингоос үлгэрлэн баялгийн сан бий болгох туршлага, төрийн өмчийн компаниудын менежментийг сайжруулах арга барилыг судлах хүсэлтэй байгааг онцлон тэмдэглэсэн юм. Бүс нутгийн аюулгүй байдлын бодлого, батлан хамгаалах үйл ажиллагааны талаарх асуудлыг хэлэлцэхээр жил бүр Сингапур улсад зохион байгуулдаг олон улсын “Шангри-Ла-гийн яриа хэлэлцээ”-нд Монгол Улс арван жил дараалан оролцсон бөгөөд улс орны аюулгүй байдалд батлан хамгаалах салбарыг үр дүнтэй ашиглах, эдийн засгийн хувьд ч чадавхи бүхий арми бий болгосон Сингапурын туршлагыг судлах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн.
Мөн АСЕАН-ы яриа хэлэлцээний түнш болоход манай улсыг дэмжихийг Сингапурын талд уриаллаа. Сингапур улс хэдийгээр таван сая гаруй хүн амтай боловч өнгөрсөн оны байдлаар олон улсын нисэх онгоцны “Чанги” буудлаар 51.2 сая хүн үйлчлүүлсний 9500 орчим нь монголчууд аж. Энэ нь Монгол, Сингапурын хооронд эдийн засаг, аялал жуулчлалын урсгал хурдацтай өсөж буйн илрэл бөгөөд хоёр улсыг холбосон шууд нислэг нээгдвэл энэхүү тоон үзүүлэлт өсөхийн сацуу түүгээр дамжин монголчууд Австрали, Зүүн өмнөд Азийн хурдацтай хөгжиж буй бусад зах зээл рүү нислэг үйлдэх гүүр болох аж. Тиймээс Бүгд Найрамдах Сингапур улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүнг Ерөнхийлөгчид бараалхах үеэрээ хоёр гүрний хооронд шууд нислэг зохион байгуулах сонирхолтой байгааг илэрхийлэв. Байгалийн баялаггүй ч гэсэн усан болон агаарын тээврийн, аж үйлдвэрийн, шинэ технологийн маш том зангилаа болсон Сингапур улсаас үлгэрлэн Монгол Улс шинжлэх ухаан, боловсролын төв болох хүсэлтэйгээ мөн сонордуулж, хүний нөөцөө хэрхэн бэлтгэдэг, мэдлэгт суурилсан эдийн засагт шилжихэд Монгол Улс юу анхаарах вэ зэрэг асуудлаар Сингапурын туршлагыг харж буйг илэрхийллээ.
Дараа нь Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсаас Сингапур улсад суугаа ЭСЯ-наас зохион байгуулсан Сингапур, Монголын бизнес форумд оролцов. Сингапурт бизнес эрхлэгчдийн 220 гаруй төлөөлөл оролцсон уг чуулганы үеэр тавьсан илтгэлдээ тэрбээр манай улсад цутгаж буй Сингапурын хөрөнгө оруулалтын хэмжээ сүүлийн арван жилийн дотор гурав дахин өсөж, энэ оны зургадугаар сарын байдлаар 723 сая ам.долларт хүрснийг онцлов. Ерөнхийл өгчөөс гадна Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, ЭЗХ-ийн дэд сайд О.Чулуунбат, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай зэрэг албаны төлөөлөгч оролцож, Хөр өнгө оруулалтын тухай шинэ хууль хийгээд Монголын бизнесийн орчныг сурталчиллаа. Харин Сингапурын талаас тус улсын Худалдаа, үйлдвэрлэлийн сайд Лим Хн Киан Монголын компаниудыг Азийн санхүүгийн төв гэгддэг Сингапурын хөрөнгийн биржид хувьцаагаа арилжихыг урив.
Б.ЦЭЦЭГСҮРЭН