Монголын боулинг сонирхогчдын холбоо таван жилийн ойдоо зориулан таван том тэмцээн хийхээр төлөвлөсөн. Энэхүү арга хэмжээний дөрөв дэх нь болох “300” клубийн нэрэмжит эрэгтэй гурвалсан, эмэгтэй хосын тэмцээн ням гаригт “Биг Боулинг” төвд болов. Тэмцээнд эрэгтэй 20, эмэгтэй 10 баг өрсөлдсөн юм. Эмэгтэйчүүд нийт дөрвөн тоглолт хийж, нийлбэр дүнгээр медальтнуудыг тодруулахад “B Zone” багийн боулингчид өнгөлж, “Биг Боулинг”, “ТЭЦ III” удаалжээ. Медаль авсан багууд 300, 200, 150 мянган төгрөгийн шагнал гардсан юм.
Харин эрэгтэйчүүд дөрвөн тоглолтоор шилдэг наймаа шалгаруулж, цааш хасагдах журмаар өрсөлдсөн. Ингээд дүн гарахад “Дабл икс” клубийн боулингчид тэргүүн байр эзэлж, “Биг Боулинг”, “Найзууд” баг удааллаа. Эрэгтэйчүүдийн тэмцээний медальтнууд 500, 300, 100 мянгаар шагнуулсан байна. Нэг тоглолтод 235 оноо авсан “Биг Боулинг”-ийн Б.Батхүү хамгийн өндөр онооны эзэн боллоо. Харин эмэгтэйчүүдийн өндөр оноог “Алтай трест”-ийн С.Ариунжаргал (182) авчээ.
Г.БАЯР