ИТХ-аа өдий болтол хуралдуулж чадахгүй байгаа аймгийн нэг нь Дундговь. Тус аймгийн ИТХ VII хуралдаанаа энэ сарын 23-нд хийхээр товлосон ч хурлаа эхлүүлж чадалгүй маргалдсаар 25-нд арайхийж эхэлжээ. Энэ хурлаар Адаацаг сумын нөхөн сонгуулиар сонгогчдын олонхийн санал авсан, АН-ын нэр дэвшигч Ч.Уранчимэгийн ИТХ-ын төлөөлөгчийн бүрэн эрхийг батламжлах, орон нутгийн төсвийн тодотгол, аймгийн Засаг даргыг огцруулах, Засаг даргын мөрийн хөтөлбөрийг батлах асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн байж. Гэтэл хуралдаан эхлэхийн өмнө ИТХ-ын тэргүүлэгчид дахин хуралдаж, хэлэлцэх асуудлын жагсаалтаас Ч.Уранчимэгийн бүрэн эрхийг батламжлах болон аймгийн Засаг даргыг огцруулах асуудлыг хасчээ. Үүний улмаас МАН, АН-ын бүлгүүд маргалджээ.
Тус аймгийн МАН-ын хороо “Сонгуулийн хороо Ч.Уранчимэгийг хууль ёсны бус бичиг баримтаар бүртгэсэн” гэж шүүхэд гомдол гаргасан аж. Үүнийг гурван шатны шүүх хэлэлцээд “Сонгуулийн хороо буруугүй” гэж үзжээ. Тиймээс Ч.Уранчимэгийн төлөөлөгчийн бүрэн эрхийг VII хуралдааны эхэнд батламжлах ёстой хэмээн АН-ын бүлэг үзсэн бол МАН-ын бүлэг “Улсын дээд шүүхийн шүүгчид гомдол гаргах эрх бий. Шүүхийн шийдвэр эцэслээгүй байгаа учраас Ч.Уранчимэгийг төлөөлөгчөөр батламжлахгүй” гэжээ. АН-ын бүлгийн 13 төлөөлөгч тус аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлүүлэхээр ИТХ-ын даргад удаа дараа мэдэгдэл хүргүүлсэн гэнэ. Үүнийг VII хуралдаанаар хэлэлцэх байсан аж. МАН-ын бүлэг эдгээр асуудлыг энэ удаа хойш тавьж, төсвийн тодотгол болон Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэлэлцье гэсэн бол АН-ын бүлэг Ч.Уранчимэгийг төлөөлөгчөөр батламжлах ёстой гэсэн байр сууриасаа ухраагүй юм байна. Байр суурийн энэ зөрүүнээс болоод МАН-ын бүлэг VII хуралдаанаас завсарлага авч, АН-ын бүлэг танхимд хүлээн суусаар хоёр өдрийг барж, тэвчээр алдсан зарим нь хоорондоо гар зөрүүлсэн сурагтай.
АН-ын бүлгийн шаардлагаар ИТХ-ын дарга С.Буджав хурал даргалах эрхээ ИТХ-ын тэргүүлэгч С.Дэжидэд шилжүүлснээр гурав дахь өдөр нь АН-ын бүлэг, “Шударга ёс” эвсэл, бие даагч нар хурлаа эхлүүлж, Ч.Уранчимэгийн бүрэн эрхийг батламжилжээ. Ч.Уранчимэг нь Адаацаг сумын нөхөн сонгуульд олонхийн санал авч, Сонгуулийн хорооноос ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэхээ аваад хэдэн сар болж байгаа юм. МАН-ын бүлэг уг хуралд суугаагүй тул АНын бүлэг, “Шударга ёс” эвслийн нэг, бие даагч хоёр төлөөлөгч VII хуралдааныг үргэлжлүүлж байгаа аж. Уг хуралдаанаас өчигдөр “Үндсэн чиг үүргээ хангалтгүй хэрэгжүүлж ирсэн” хэмээн аймгийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулахаар шийдвэрлэж, саналаа Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барихаар болжээ. Хуралд оролцсон 18 төлөөлөгч уг саналыг 100 хувь дэмжсэн гэнэ.
Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Буджавыг бас огцруулахаар тус аймгийн Засаг даргын орлогч Ш.Энхбат санал гаргасан байна. Тэрбээр ИТХ-ын Ажлын албанд хүргүүлсэн албан бичигтээ “ИТХ-ын дарга С.Буджав нь долдугаар сарын 20-нд ИТХ-ыг зарлан хуралдуулсан ч тогтоол шийдвэрт нь гарын үсэг зурж баталгаажуулаагүй. Үүний улмаас орон нутагт орж ирэх ёстой хөрөнгө оруулалт гацсан. Төсөвтэй холбоотой асуудлыг ИТХ-аар хэлэлцүүлэх ёстой атал ИТХ-ын тэргүүлэгчдээр хэлэлцүүлж байгаа нь Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Төсвийн тухай хуулийг зөрчсөн. Төсвийг ИТХ-аар хэлэлцүүлсэн мэт тогтоол үйлдэн, Сангийн яаманд хүргүүлсэн” хэмээн ИТХ-ын даргыг огцруулах үндэслэлээ дурджээ. С.Буджавыг огцруулах асуудлыг VIII хуралдааны эхэнд хэлэлцэх бололтой.
Х.БАЙГАЛ