
Сүүлийн үед монголчууд олон үндэстний хоолыг гэртээ бэлтгэх нь элбэг болсон. “Grand lux” зоогийн газрын шеф, мастер тогооч Н.Бумцэрэн энэ удаа солонгосчуудын хамгийн дуртай хоолыг америк маягаар хийлээ. Гахайн махыг гашуун улаан чинжүү, шар буурцгийн цуу бүхий амтлагчаар амталсан энэ хоолноос хэл дарвигнуулсан хэрнээ чихэрлэг амтыг мэдэрнэ. Энэхүү хоолыг бэлтгэхэд ердөө 15 минут зарцуулав.
.jpg)
ХИЙХ АРГА:
Эхлээд хачир бэлтгэе. Тогооч залуу хоолны хачирт агшаасан цагаан будаа, жигнэсэн юуцай сонголоо. Хоолоо хийхээсээ өмнө цагаан будаагаа агшаахаа мартуузай.
Хайруулын тавагт бага зэрэг ургамлын тос хийгээд сайтар халаасны эцэст хөндлөнгөөр нь хэрчиж, хуваасан юуцайг хийж хоёр минут шарна. Үүн дээр амтлагч (бидний ярьдгаар тахианы шөл), ус хийж таглаад таван минут жигнэнэ.
Махыг 0.5 см зузаан хэрчинэ. Бага зэрэг ургамлын тос хийгээд, 180 хэм халаасан хайруулын тавагт махыг хийж хоёр талаас нь тус бүр 5-7 минут шараарай. Ингэж шарахад маханд хайрсан гадарга тогтох учиртай. Үүний дараа махнаас ялгарсан тосыг шүүж аваад, бэлтгэсэн сүмснээсээ хүссэн хэжээгээрээ хийгээд дахин хоёр минут хэртэй шарахад хоол бэлэн болно.
Энэ хоолны гол амтлагч болох сүмсээ бэлтгэе. Эл сүмс төрөл бүрийн махан хоолонд тун догь зохицно. Дэлгүүрт ийм бэлэн сүмс (Солонгосын гахай болон үхрийн махны амтлагч) төрөл бүрээрээ бий. Гэхдээ гэртээ бэлдвэл илүү сонирхолтой байх нь мэдээж.
Шар буурцгийн цуун дээр жижиглэн үрсэн цагаан гаа, сармис, ногоон сонгино, элсэн чихэр, гашуун улаан чинжүүний нухшийг хийгээд сайтар хутгахад л бага зэрэг өтгөн сүмс бэлэн болно. Хэрэв худалдаанд байгаа сүмс шиг чихэрлэг болгохыг хүсвэл чихрийн хэмжээг нэмж болох юм. Мөн ам дарвигнуулсан, нулимс асгарам амтыг таашаадаг бол улаан чинжүүний нухашнаас ахиухан хийхэд гэмгүй. Н.Бумцэрэн сүмсийг их хэмжээгээр бэлтгэсэн нь учиртай гэнэ. Ийнхүү бэлдсэн амтлагчийг таглаад хөргөгчид хэд хонуулахад сармис, цагаан гааны амт цуунд шингээд улам “тасархай” болох бөгөөд ямар ч хоолыг үүгээр амталж болох аж.

.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)