Өнгөрсөн ням гаригт МАХН-ын Бага чуулган болж өнгөрсөн. Хагас хаалттай өрнөсөн энэ чуулганы өмнө 40 гишүүнээ хасаж, оронд нь МАН-ын гишүүдийг оруулсан, Намын дэд дарга Д.Тэрбишдагвыг намын дарга болгож, Н.Энхбаярыг “жийх” ажиллагаа явагдана.
Мөн МАХН-ын зарим гишүүд намын дэд дарга Д.Тэрбишдагва болон Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг огцруулах асуудал тавина гэх зэрэг мэдээлэл цацагдаж байв. Энэ талаар БОНХ-ийн дэд сайд, МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн Б.Тулгаас тодруулав.
-МАХН Бага чуулганаа хуралдуулаад удаагүй байна. Чуулганаар ямар асуудал хэлэлцсэн бэ?
-МАХН энэ онд ямар ажил хийсэн, ямар үр дүн гарсан тухай болон намын дотоод асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдөдөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд оролцсон тайлангаа тавьж, дүгнэж, хэлэлцүүлсэн. Манай нам 2013 оныг намын анхан шатны байгууллагуудаа дэмжих жил болгон зарласан учраас чуулганы үеэр анхан шатны байгууллагуудаа чадваржуулах талаар түлхүү хэлэлцлээ.
-МАХН Бага чуулганаараа Д.Тэрбишдагвыг намын дарга болгож, Н.Энхбаярыг “жийх” гэнэ. Эсвэл гишүүд нь Д.Тэрбишдагва болон Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба нарыг огцруулна гэсэн мэдээ дуулдаж байсан. Энэ талаар Та ямар хариу өгөх вэ?
-Бага чуулганы үеэр ийм асуудал хөндөгдөөгүй. Улс төрийн нам олон хүний нэгдэл учраас янз бүрийн асуудал гардаг. Үүнийг дэвэргэж өөгшүүлж, МАХН-ыг дотор нь хагаралдуулах сонирхол маш их байдаг. Энэ бол тийм хүмүүсийн л хийж байгаа ажил. Манай нам дотооддоо ойлголцож чаддаг, шийдвэрээ олонхоороо гаргаж, ирээд үйн чиг хандлагаа тодотгож чаддаг учраас эв түнжин хагараад байдаггүй.
-Ерөнхийлөгчийн сонгуулиас үүдэн Сонгинохайрхан дүүргийн МАХН-ын гишүүд түүнд гомдол гаргаж, энэ албан тушаалаас нь буулгана гэж мэдэгдэж байсан. Бага чуулганд намын дэд дарга Д.Тэрбишдагва оролцсон уу?
-Намын дэд дарга Бага чуулгандаа оролцохгүй байна гэж байхгүй, оролцсон. Өнгөрсөн хугацаанд Д.Тэрбишдагва дарга МАХН-ын нийслэл, дүүрэг, орон нутгийн анхан шатны байгууллагын үйл ажиллагаанд санаа тавьж ажилласан. Ер нь эдгээр байгууллагыг тогтвортой жигд ажиллуулах, эв нэгдэлтэй байлгах тал дээр сонгуульт ажилтан болгон анхаарах ёстой. Ямар ч сонгуулийн дараа ялсан, ялагдсан намын гишүүдийн дунд ямар нэг хэмжээгээр гомдол гардаг. Энэ бол хэвийн үзэгдэл. Намын дэд даргатай холбоотой гомдол сонгуульд ялагдсан хүмүүсээс гарсан байхыг үгүйсгэхгүй.
-Намын гишүүдийн зүгээс гаргасан гомдол санал, Д.Тэрбишдагва сайдтай холбоотой ярианд танай намын дарга Н.Энхбаяр ямар байр суурьтай байгаа бол?
-Н.Энхбаяр дарга намын өдөр тутмын үйл ажиллагаанд оролцохг үй байгаа ч МАХН-ын удирдлагуудад намын үйл ажиллагааг идэвхжүүлж, санхүү, хөрөнгө оруулалтаа зохицуул, эвтэй бай. Намын дэд дарга энэ улс төрийн намын үйл ажиллагааг чиглүүлж байгаа учраас шийдвэрийг нь сонсох хэрэгтэй. Одооноос Монгол Улсын хөгжлийн зорилтыг тодорхойл. Улс орны хэмжээнд ч, намын үйл ажиллагааны тал дээр ч идэвхтэй ажилла гэсэн шаардлага тавьдаг. Түүнээс чи сайн, тэр муу байна. Энэ дүүргийн даргыг өөрчил гэх зэргээр дотоод асуудалд оролцож байгаагүй.
-Танай намын даргын эрүүл мэнд ямар байгаа вэ. Н.Энхбаярын улс төрд эргэн ирэх цаг хугацаа хэдийд тохиох бол гэдэг нь сонин байна л даа?
-МАХН-ын дарга улс төрд яг төдийд эргэж ирнэ гэдэг ч юм уу, тийм хугацаа хэлж мэдэхгүй байна. Өнөөдөр Н.Энхбаяр даргын эрүүл мэндийн байдал тааруу байгаа. Түүний биед эсийн задрал явагдсан гэдэг нь ойлгомжтой болсон. Өвчнөө эдгэхээр ажилдаа орох байх. Наана нь эмчилгээгээ дуусгах, дэглэм сахих шаардлага гарах байх. Н.Энхбаяр дарга арав хоногийн өмнө гурав дахь хагалгаандаа орсон. Эмчилгээ нь үргэлжилж байгаа.
-Танай намын УИХ дахь гишүүд МАХН-ын даргын эмчлүүлж байгаа БНСУ-ыг байн байн зорьдог болж. Гадуур Н.Энхбаяр гишүүдээ дууддаг байх гэсэн таамаг яваад байх юм. Энэ хэр ортой вэ?
-УИХ-ын гишүүд янз бүрийн шалтгаанаар БНСУ-ыг зорьдог байх. Өчигдөр УИХ-ын дэд дарга Л.Цог явсан. Монгол-Солонгосын эдийн засгийн форумд оролцох ажилтай явсан байх. Ер нь бол манай намын гишүүд ажил төрлөөр бас хувийн ажлаар БНСУ руу явахдаа Н.Энхбаяр даргыг эргэж тойрч, уулзаж байгаа.
Д.ЦАЦРАЛ