Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат санаачлан улстөрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нарын нээлттэй уулзалтыг зохион байгууллаа. МАН XXVII Их хурлаасаа улс орны нийтлэг эрх ашгийн үүднээс үндэсний аюулгүй байдал, ард түмний сайн сайхан амьдралын төлөөх зарим асуудлаар бусад улстөрийн намуудтай зөвшилцөж ажиллах уриалга гаргасан. Уг уриалгыг ажил хэрэг болгох эхлэлийг тавьж, МАН-ын дарга М.Энхболд бусад намын дарга нартай уулзсан билээ. Тэгвэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат уриалгыг хэрэгжүүлэхээр удаахь уулзалтыг зохион байгуулсан нь энэ. Уулзалтад МАХН, МНН, ИЗНН, МУНН, БНН, МҮАН,Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, ИХН, Монголын Ардчилсан хөдөлгөөний нам, Хамуг Монгол хөдөлмөрийн нам, Эх орончдын нэгдсэн намын төлөөллүүд ирж оролцлоо.
Ерөнхий нарийн бичгийн дарга нар хэд хэдэн асуудлаар санал солилцож, ойлголцсоны үндсэн дээр зарчмын есөн заалт бүхий санамж бичигт гарын үсэг зурлаа. Юуны өмнө улс орны тогтвортой хөгжлийн загварыг гаргах, Үндсэн хуулийн өөрчлөлт, хэт намчирхал, талцлаас ангид төрийн тогтолцооны төлөө зөвшилцөж ажиллахаар болов. Сонгуулийн хууль, Улстөрийн намуудын тухай хууль зэрэг ч зөвшилцөл ойлголцлын гол сэдэв гэж үзлээ. Түүнчлэн маргаан дагуулсаар ирсэн стратегийн ач холбогдол бүхий төсөл хөтөлбөрүүд, баялгийн тэгш хуваарилалтын зарчмаар ойлголцохын чухлыг онцлов. Удаад нь улс орны гадаад харилцаа, залуучуудын хүмүүжил, төлөвшилд намууд хамтран анхаарал хандуулан шаардлагатай гэж үзжээ. Эдгээр асуудлыг ажил хэрэг болгохын тулд цаашид намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын хүрээнд улиралд нэгээс доошгүй удаа уулзаж байхаар тогтсон байна. Мөн сар бүр парламентад суудалтай улстөрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар бусад намынхандаа мэдээлэл өгч байхаар болов.
Ирэх оны улсөн төсөв болон ам.долларын ханшийн өсөлт, улсын өрийн асуудлуудаар энэ долоо хоногт багтаан хамтарсан мэдэгдэл гаргах аж. Ер нь зөвшилцөх, ойлголцох уг үйл явдлыг уулзалтад оролцогсод санал нэгтэй дэмжиж байна. Тиймээс хэлбэр төдий байх бус үр дүн чухал гэдгийг тэмдэглэсэн. Цаашдаа зөвшилцөгч талуудын аль нэг нь уулзалтыг санаачилж болох тухай ч ярилцлаа.

.jpg)
