Говь-Алтай аймагт 2012 онд болсон орон нутгийн сонгуультай холбоотой маргаан гарч, түүнийгээ шийдэж чадалгүй шат шатны шүүх дамжин явсаар энэ оны есдүгээр сарын 23-нд Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн хяналтын шатны шүүхээс Говь-Алтай аймгийн сонгуулийн бүх тойрогт хувь тэнцүүлсэн хэлбэрээр, Баян-Уул, Төгрөг, Хөхморьт, Шарга сум болон аймгийн төвийн Баяншанд баг гэсэн таван тойрогт нэр дэвшигчээр, 12 суудлын төлөө хувь тэнцүүлсэн хэлбэрээр, нийтдээ 17 төлөөлөгчийг сонгох сонгуулийг дахин явуулахаар шийдвэрлэсэн. Дахин сонгууль явуулахаар болсон тул тус аймгийн
Сонгуулийн хороог сэргээн байгуулж, 2014 оны нэгдүгээр сарын 19-нд дахин сонгуулийн санал хураахаар товложээ. Тус аймагт 2012 оны сонгуулийн дараа байгуулагдсан ИТХ анхдугаар хуралдаанаараа 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулж, ИТХ-ын дарга болон аймгийн Засаг даргыг сонгон, тогтоол гаргасан юм. Уг тогтоолыг дээрх шүүх хүчингүй болгосон тул Говь-Алтай аймаг эзэнгүйдэхэд хүрсэн гэнэ. Мөн нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүтэц бүрэлдэх үүнтэй холбоотой бүх шийдвэрийг хүчинг үй болгожээ. Тиймээс 2008-2012 оны ИТХын дарга, тэргүүлэгч, төлөөлөгч нар өдгөө Говь-Алтай аймгийг удирдаж байна. Уг ИТХ-ын тэргүүлэгчид өнгөрсөн долоо хоногт хуралдаж, аймгийн ИТХ-ын хуралдааныг зарлажээ.
Уг хуралдаанаар аймгийнхаа 2014 оны төсвийг батална. Энэ аймгийн ИТХ-ын 18 төлөөлөгчийн суудал нь ямар нэг маргаангүй байгаа. Гэтэл шүүх тэдний бүрэн эрхийг баталгаажуулсан тогтоолыг хүчингүй болгосон тул тэд ИТХ-ын төлөөлөгч биш сонгуульд ялсан нэр дэвшигч болжээ. Шинэ оны дараа явуулах дахин сонгуулиар сонгогдсон 17 төлөөл өгчтэйгээ нийлээд ИТХ-аа шинээр бүрдүүлэх юм. Харин дахин сонгууль явуулахад зарцуулах 164 сая төгрөгийг хэн, хаанаас гаргах нь тодорхой бус байгаа аж.
Х.БАЙГАЛ