УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн өргөн барьсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын байнгын хороо дэмжээгүй. Уг төсөлд Төрийн өндөр албан тушаалтан оффшор бүсэд компани, данстай байхыг хориглох, мөн гадаад эхнэр, нөхөртэй хүнийг төрийн өндөр албан тушаалд томилохын өмнө Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулах тухай заалт байсан.
УИХ-ын гишүүд дээрх хуулийн төслийг дэмжээгүй бөгөөд “Хүнийг гадаад эхнэр, нөхөртэй гэдгээр нь ялгаварлаж, хүний эрхийг зөрчиж болохгүй” гэцгээсэн юм. Чуулганы танхимд маргаан дэгдээж, шуугиан тарьсан хуулийн төслийг хэлэлцсэний дараа УИХын гишүүн Ж.Батзандан “Твиттер” хуудастаа “Намайг ТЕГ-ын УБЦ 08-26 дугаартай автомашин өдөржин дагав” хэмээн жиргэсэн нь олны анхаарлыг татав. Тэрбээр энэ тухайгаа “Машин дагасан баримт бүхий гэрэл зураг надад бий.
ТЕГ гэмт хэрэгт холбогдсон этгээдийг прокурорын зөвшөөрөлтэйгөөр, Гүйцэтгэх албаны тухай хуульд заасны дагуу дагаж, чагнах эрхтэй. УИХын гишүүд, жирийн иргэдийг дагадаг, тагнадаг, утсыг нь дуртай үедээ чагнадаг байдал газар авч байна. Үүнийг таслан зогсоохын тулд Гүйцэтгэх албаны тухай хуулийг шинэчлэх ёстой гэж тайлбарласан юм.
Д.ЦАЦРАЛ