Говь-Алтай аймагт үүсээд буй нөхцөл байдлын талаар УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар ярилцжээ. Энэ талаар бүлгийн орон тооны бус зөвлөх Ш.Раднаасэд мэдээлэл өгсөн. 2012 оны орон нутгийн сонгуулиас хойш аймгийн МАХН-ын хорооны нэхэмжлэлтэй маргаан үргэлжилсээр энэ оны есдүгээр сард эцэслэж, аймгийн таван тойрог болон намын нэрийн жагсаалтаар сонгогдох 12 мандатад дахин сонгууль явуулахаар болсон. Мөн шүүхээс өнгөрөгч сонгуулийн дараа байгуулагдсан ИТХ-ын анхдугаар хуралдаанаас 35 төлөөлөгчийн бүрэн эрхийг баталгаажуулж, ИТХын дарга болон аймгийн Засаг даргыг сонгосон тогтоолыг хүчингүй болгосон юм. Өөрөөр хэлбэл, Дээд шүүх нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой бүх шийдвэрийг хүчингүй болгосон хэрэг. Тэгэхээр үлдсэн 18 төлөөлөгч ердөө л тухайн тойрогт нэр дэвшиж, олонхийн санал авч, ялалт байгуулсан нэр дэвшигч болж хувирч байгаа юм. Үүнтэй холбоотойгоор өнгөрөгч сонгуулиар байгуулагдсан ИТХ гээч юм үндсэндээ үгүй болж, 2008-2012 оны ИТХын дарга, тэргүүлэгч, төлөөлөгч нар өдгөө Говь-Алтай аймгийг удирдаж байгаа юм.
Уг ИТХ-ын тэргүүлэгчид өнгөрсөн долоо хоногт хуралдаж, ирэх оны төсвөө батлах аймгийн ИТХ-ын хуралдааныг зарлажээ. Уг маргаантай холбогдуулан аймгийн удирдлагууд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо болон Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хандсан байна. ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэг “Эрх зүйн чадамжгүй болсон ИТХ аливаа асуудлаар шийдвэр гаргах нь цаашид хэрэгжих боломжгүй, хуулийн хувьд хүчин төгөлдөр эрх зүйн акт мөн эсэх зэрэг олон асуудал үүсгэх үр дагавартай тул шүүхийн шийдвэрийг биелүүлж ажиллах нь зүйтэй гэж үзэж байгааг зөвлөе” гэсэн албан тоот илгээсэн бол УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейн гарын үсэг бүхий албан тоотод “Танай аймгийн ИТХын хуралдааныг бүрэн эрх нь хүчинтэй байгаа 18 төлөөлөгчтэйгөөр хуралдуулах боломжтой байгааг анхааралдаа авна уу" гэжээ.
Ийнхүү ЗГХЭГ, УИХ-ын эрх бүхий байнгын хорооны удирдлагууд Говь-Алтайд үүссэн асуудлаар хоёр өөр байр суурь илэрхийлснээр чухам алиных нь зөвлөгөөг дагах нь ойлгомжгүй хэвээр байна гэж Ш.Раднаасэд мэдээлсэн юм. Түүнчлэн Говь-Алтай аймагт ирэх сарын 19-нд дахин сонгууль явуулах товыг ИТХ-ын хуучин бүрэлдэхүүн гаргаад буй. Үүнтэй холбоотойгоор мөн л дахин сонгуулийг хэн, хэрхэн зохион байгуулах, ямар төсөв хөрөнгөөр явуулах вэ гэдэг нь тодорхой бус байгаа аж. Учир нь Аймаг, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 10 дугаар зүйлд дахин сонгууль явуулах зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ, СЕХ улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын тооцоог боловсруулж УИХ-д хүргүүлнэ, зардлын тооцоог УИХ хүлээн авснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж шийдвэрлэнэ гэж заасан байдаг аж. Эл хуулийн зохицуулалтын дагуу СЕХ, УИХ-аас шийдвэр гараагүй нөхцөлд аймгийн ИТХ-ын дахин сонгуулийг 2014 оны нэгдүгээр сарын 19-ний өдөр явуулах шийдвэрийг хуучин ИТХ-ын тэргүүлэгчид гаргах боломжгүй гэдгийг ч хэлж байлаа. Тэрбээр “2014 оны улсын төсөвт дахин сонгуульд шаардагдах 100 орчим сая төгрөгийн зардлыг тусгах ёстой. Энэ мөнгө ирэх оны төсөвт суугаагүй байхад дахин сонгуулийн товыг хүчээр зарласан.
Сонгуулийн ерөнхий хороо, Засгийн газар хуулиар олгогдсон үүргийнхээ дагуу ажилламаар байна” гэв. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл Мөрдөх албаны тухай хуулийн төслийн талаар “Эл төслийн дагуу Хууль зүйн яамны дэргэд Мөрдөх алба ажиллана. Удирдлага, орон тооны асуудал анхаарал татаж байгаа. Мөрдөх албаны даргыг томилох асуудлыг Хууль зүйн сайд шийдэхээр төсөлд тусгасан ч УИХ томилдог байх талаар Ажлын хэсгийн түвшинд ярьсан. Хуулийн төслийг дахин хянах шаардлагатай” хэмээн бүлгийн байр суурийг илэрхийлсэн. Харин УИХ-ын даргын захирамжаар өнгөрөгч хоёрдугаар сард байгуулагдсан Улс төрийн намын тухай болон Улс төрийн намын санхүүжилтийн тухай хуулийн төслийг боловсруулах үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны Ажлын хэсгийн ажил ямар ч урагшгүй байгааг бүлгийн дарга Н.Энхболд дуулгасан. Учир нь Ажлын хэсгийн түвшинд санал солилцохоос хэтрээгүй бөгөөд төсөл, хувилбар болж цаасан дээр буусан зүйл ч байхгүй байгаа аж.
Б.НОМИН