УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр мэдээлэл хийсэн байна. АН-ын бүлгийн ахлагч, дэд ахлагч нар томилолтоор яваа учраас гишүүн Р.Гончигдорж хурал даргалсан аж. Тэрбээр хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Агаарын бохирдлыг бууруулах зорилгоор 10 гаруй байгууллага ажилладаг. Гэвч хоорондын уялдаа муу, давхардал их. Тиймээс эдгээрийг цэгцлэх, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороог Ерөнхий сайдын мэдэлд өгөхөөр уг төсөлд тусгасан юм. Энэ үеэр АН-ын гишүүд нүүрс коксжуулж, утаагүй түлш үйлдвэрлэх зорилгоор II цахилгаан станц дээр хэрэгжүүлж буй 17 тэрбум төгрөгийн өртөг бүхий төслийн талаар мэдээлэл авчээ.
Уг төслийн туслан гүйцэтгэгчээр гаднын нэгэн компани шалгарсан юм байна. Гэвч тэд үйлдвэрлэлд туршаагүй технологи ашигласнаас эвдрэл гарч, эцсийн бүтээгдэхүүн хийх ажил зогсчээ. Энэ бүхнийг шалгаад засаж болохгүй бол холбогдох хүмүүст хариуцлага тооцох, төсвөөс гарсан мөнгийг нөхөн төлүүлэх гэнэ. Д.Зоригт сайдын үед гаргасан уг тушаалын үнэн, мөнийг олох үүргийг Бүлгээс холбогдох газарт өгсөн байна. Түүнчлэн өмнөх УИХ-ын үед гишүүн Г.Батхүүгийн санаачилгаар автомашины хуучин дугуй импортлохыг хориглох чиглэлийг Засгийн газарт өгсөн. Засгийн газраас энэ талаар тогтоол гаргасан ч хэрэгжихгүй байгааг ярилцжээ.
Хуучин дугуй, тос, тослох материал шатаах нь агаарын бохирдолд багагүй хувь нэмэр оруулдаг. Тиймээс дээрх тогтоолоо анхаарч хэрэгжүүлээч гэсэн байна. Энэ мэтээр агаарын бохирдлыг бууруулах зорилготой ажлууд эхнээсээ бүтэлг үйтэж байгааг гишүүд шүүмжилжээ. Ингээд агаарын бохирдлыг бууруулах хэтийн бодлого боловсруулах нь зөв гэж үзсэнийг Р.Гончигдорж гишүүн дуулгалаа. Мөн энэ долоо хоногт хэлэлцэх асуудлын нэг болох Алтны худалдаанд ил тод байдлыг хангах тухай хуулийн талаар ярилцжээ. Сөрөг хүчин болон олонхийн бүлэг уг хууль дээр байр суурь зөрчилтэй байгаа юм. Оюутолгойн хөрөнгө оруулагчдад алтны роялтийг 5-2.5 хувь болгон бууруулж давуу эрх олгох нь хэмээн сөрөг хүчин шүүмжилж буй. Энэ талаар Р.Гончигдорж гишүүн “Роялтийн хэмжээг таван хувь хэвээр байлгана гэвэл уг төслийн хэлэлцүүлэг үргэлжлэхээр байгаа. Таван жилийн хугацаанд хэрэгжих хууль учраас саналаа нэгтгэх хэрэгтэй” гэлээ.
С.ТУУЛ