-Утааг бууруулахад ирэх жил 200 орчим тэрбум төгрөг төсөвт суулгуулахаар болсон. Нийслэлийн 45 мянган өрх түлшний хэмнэлттэй зуухны төсөлд хамрагдалгүй үлдсэнийг Дэлхийн банкны “Улаанбаатар-Цэвэр агаар” төслөөс олгохоор боллоо. Мөн ирэх өвөл нийслэлийн утааг дахин 20 хувиар бууруулахаар ажиллана.
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны ээлжит 20 дугаар хуралдаанд П.Цагааны хэлсэн үгээс. 2013 оны наймдугаар сарын 19.
-Ерөнхийлөгч “Утаатай өвөл ч, зун ч тэмцье” гэж хэлснийг та бүхэн санаж байгаа байх. Үндэсний хороо жилийн дөрвөн улирлын алинд ч ажил цалгардуулахгүйгээр төлөвлөгөөний дагуу тодорхой шийдвэр гаргаж ажиллалаа. Бидний төлөвлөсөн ажлуудын хүрээнд хийж байгаа Улаанбаатар хотын цахилгаан, дулаан хангамжийг нэмэгдүүлэх, хог боловсруулах үйлдвэр барьж байгуулах зэрэг томоохон төслүүд хэрэгжиж байна, үр дүн нь хараахан гараагүй боловч гэр хороолол руу чиглэсэн ажлын үр дүнд агаар дахь хортой бодисын агууламж 29 хүртэл хувиар буурсан. Энэ нь мэргэжлийн албадын шинжилгээний дүн шүү.
www.news.mn сайтад П.Цагааны өгсөн ярилцлага. 2013 оны арванхоёрдугаар сарын 2.
-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нэлээд том хувь нэмэр оруулахаар ус халаалтын уурын зуухны асуудлыг өнгөрсөн хугацаанд шийдсэн. Энэ нь агаарын бохирдлыг бууруулахад нэлээд түлхэц өгч чадсан. Түүнчлэн ахуйн хэрэглээний зуух, коксжих түлш, гэр болон барилга байгууламжийн дулаалгын стандарт баталсан. Тиймээс Монгол Улс агаарын бохирдлыг бууруулах стандарттай боллоо. Түүнчлэн иргэд олон нийтэд агаарын чанарын мэдээллийг хэвлэл мэдээллээр дамжуулан хүргэснээр хүн бүр өмнөх өдрийнхөө агаарын бохирдлыг тодорхой үзүүлэлтээр хүлээн авдаг болсон.
Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр тодорхой хэмжээний олон ажилд ахиц гарч байна. Өнгөрсөн жилийн өвөл нийслэлийн хэмжээнд агаарын чанарын мэргэжлийн албаны тогтоосон дүгнэлтээр 114 мянган тонн нүүрс хэмнэсэн нь агаарын бохирдлыг 16-18 хувиар бууруулсан гэсэн дүгнэлт бий.
НИТХ-ын дарга Д.Баттулгын Иргэний танхимд тавьсан илтгэлээс. 2012 оны тавдугаар сарын 2.
-Агаарын бохирдол буурсан гэж хэлэхэд эрт байна. Агаарын бохирдлыг нүдэн баримжаагаар тэдэн хувь буурсан гэж хэлэх боломжгүй. Баянхошуу, Амгалан, хотын төвд байршлаасаа хамаарч утааны хэмжээ өөр өөр байдаг. Өнгөрсөн жилтэй харьцуулахад энэ жил агаарын бохирдол нэмэгдээгүй. Хүмүүст угаар л үнэртээд байгаа болохоос агаар дахь хорт бодисын хэмжээ буурсан. Удахгүй манай албаны хэмжилтийн баг 35 цэгт хэмжилт хийхээр тодорхой болно.
Агаарын чанарын албаны дарга Ч.Батсайхан “Ардчилал” сонины өнгөрсөн сарын 22-ны дугаарт өгсөн ярилцлагаас.