Үүд тогшиж буй 2014 онд үлгэрийн мэт өөрчлөлтүүд биднийг хүлээж байгааг “The Economist” “зөгнөж” байна. Арваннэгдүгээр сарын 26-нд Сингапурын “Fullerton”, 28-ны үдэш Хонконгийн “JW Marriott” зочид буудалд дэлхийд алдаршсан компани, группийн захирлууд голдуу, дэгжин костюмтай ноёд, эрхэмсэг хатагтай нар цугларч, оройн зоог барингаа ирэх оны “зурхай”-г өөр зуураа хэлэлцэв ээ.
-Тасалбар нь ямар үнэтэй юм бол? гэж би сониучирхсан юм. Нэг зочин 820-1000 ам.доллар, 10 суудал бүхий нэг ширээ 6000-7700 ам.долларын өртөгтэй гэсэн хариуг зохион байгуулагчдаас сонслоо.
“The Economist” сэтгүүлээс гурав дахь жилдээ Сингапурт, харин Хонконгод тав дахь удаагаа ийм арга хэмжээг зохион байгуулж буй аж. Улс төр, бизнес, шинжлэх ухаан, урлагийн алдартай фигуруудээс айсуй онд өрнөх үйл явдал, өөрчлөлтийн талаарх таамгийг нь тандаж, сэтгүүлийнхээ “Intelligence unit”-тэй хамтран боловсруулдаг энэ удаагийн “Дэлхий 2014” онд урьдчилсан таамагт Бүгд Найрамдах Солонгос улсын Ерөнхийлөгч Пак Гын Хе, загвар зохион бүтээгч Тори Берч, жүжигчин Мэтт Дэмон, “Virgin” группийн захирал Ричард Брэнсон нарын алдартнуудын саналыг тусгажээ.
Нэг сарын өмнөөс л CNN, BBC зэрэг телевизийн сувгуудаар цаг алгасалгүй сурталчилж байсан нэр хүндтэй энэхүү арга хэмжээний үндсэн илтгэгч нь Монгол Улсын Ерөнхийлөгч. Түүнийг орж ирүүт танхим даяар алга ташив. Ерөнхийлөгчийг ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг, Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат, Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нар дагалдаж, танхимын тэргүүн ширээнд тухаллаа. Зүүн өмнөд Азийн зарим оронд хийсэн төрийн айлчлалынхаа хүрээнд Ерөнхийлөгч эдийн засгийн “The Economist” сэтгүүлийн урилгаар “Дэлхий 2014 онд” эдийн засгийн арга хэмжээнд илтгэл тавихаар зэхэж буй нь энэ.
“Ардчилал” хэмээх нэг сэдвийн дор Ерөнхийлөгчийн илтгэл хөврөх учиртай байсан авч “The Economist” сэтгүүлийн эрхлэгч Дэниэл Фрэнклин ярилцлагыг өөр зүгт хөтлөн, танхимд хуран цуглагсдыг түүний БНАСАУ-д хийсэн төрийн айлчлал, ардчилалд хөлөө олохоор тэмүүлж буй Мьянмар улс, Монгол, Хятадын харилцаа хийгээд манай улсын эдийн засгийн өсөлт, гадаадын хөрөнгө оруулалтын асуудал, тэр ч бүү хэл Ираны цөмийн байгууламжид Ерөнхийлөгч орж үзсэн тухай яриагаар “аялууллаа”. Ерөнхийлөгч “Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах зэрэг олон шинэчлэл хийхээр зэхэж буй Мьянмар улсад олон улсын зүгээс дэмжлэг хэрэгтэй байна, төмөр зам, уул уурхай, эрчим хүчний салбарт өргөн хүрээнд хамтран ажилладаг Хятад улстай манай харилцаа, хамтын ажиллагаа өргөжиж буй, 2011 онд 17 хувиар өсөж дэлхийд тэргүүлсэн Монголын эдийн засгийн өсөлт ирэх 20 жилийн хугацаанд хоёр оронтой тооноос буухгүй хэмээн Дэлхийн банк болон санхүүгийн бусад байгууллага дүгнэж буй” гэхчлэн ярилаа. Завсар зайгаар нь сэтгүүлийн эрхлэгчийн хоржоонтой асуултад хошин өнгөөр хариулан танхимыг хөгжөөж байв.
Тэдгээрийн дундаас БНАСАУ-д хийсэн төрийн айлчлалыг танхим даяар ихэд сонирхож байлаа. Дэниэл Фрэнклиний “Айлчлалын үеэр оюутнуудад тавьсан лекцдээ “Аливаа дарангуйлал мөнх биш” хэмээн зоримог хэлсэн. Таныг хэрхэн хүлээн авсан бэ?” гэсэн асуултад Ерөнхийлөгч:
-Бид Ким Ил Суны нэрэмжит их сургуульд лекц унших хүсэлт гаргахад Хойд Солонгосын тал хүлээж авсан. Гэхдээ лекц зөвхөн Монголын гадаад бодлогын асуудалтай холбоотой байх ёстой гэдгийг хатуу сануулж, ардчилал, зах зээлийн эдийн засаг гэсэн хоёр үгийг дурдахгүй байхыг анхааруулсан. Үүний дагуу би тэр хоёр үгийг дурдахаас зайлсхийсэн. Аливаа улсын гадаад бодлого нь дотоод бодлоготой салшгүй холбоотой байдаг. Тэгээд би дотоод бодлогынхоо талаар, Монголын ардчилал, чөлөөт зах зээлийн эдийн засгийн шилжилтийн тухай, мөн Монголд 2009 оноос хойш ялын дээд хэмжээг хэрхэн халсан талаар ярьсан. Мөн Монгол Улс цөмийн зэвсэггүй улс орны статусыг хүлээн зөвшөөрснөө дурдсан хэмээхэд танхим даяар нижигнэтэл алга ташив.
Ерөнхийлөгчөөс гадна Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ үдшийн ярианы халуун сэдвүүдийн нэг болов. 2011 онд эдийн засгийн өсөлтийн хурдаар дэлхийд тэргүүлсэн Монгол Улс ирэх онд хоёрдугаарт эрэмбэлэгдэх төлөвтэйг “The Economist” онцоллоо. ДНБ-ий өсөлтөөр Өмнөд Судан 35 хувиар дэлхийд “аваргалах” бол манай улс 15.3 хувиар удаалж, Макао, Сьерра-Леон, Туркменистан айргийн тавд багтах өндөр магадлал бий аж. “Мал аж ахуйн орон ч Монголын Засгийн газрын мөнгөний авдарт уул уурхайн салбар үлэмж нөлөөлөх болсон. 2014 он бол Оюутолгойн орд эдийн засгийн эргэлтэд орсон эхний жил бөгөөд түүний ачаар ДНБийх нь өсөлт 2014 онд 15.3 хувьд хүрэх нь. Түүнээс ч илүү өсөх боломж монголчуудад бий” хэмээн “The Economist” сэтгүүл өнгөрсөн сарын 18-ны онцгой дугаартаа Монголын талаар нийтэлжээ.
Өгүүлэн буй сэтгүүл маань 2014 оныг “Үзвэрийн цаг” хэмээн онцгойлсон байх юм. Улс төр, бизнес, урлаг спорт, нийгмийн хүрээнд өөрчлөлт, шинэчлэл өрнөж, дэлхийн хүмүүс уйдахааргүй он цаг айсуй тул ийнхүү нэрлэснийг эрхлэгч Дэниэл Фрэнклин тодотгоно лээ. Тэдгээрийг ерөнхийлөн тоймловол, түүхэнд зардлынхаа хэмжээгээр урьд хожид байгаагүй их хэмжээнд хүрээд байгаа өвлийн Олимпийг юуны түрүүнд нэрлэж болох нь. Сочи хотноо спортын наадам зохион байгуулах ажлыг Владимир Путин тэргүүтэй Орос орон зэхэж буй бол Бразилд түүнээс ч багагүй дуулиан мөдхөн дэгдэнэ. Долдугаар сарын 13- нд Рио де Жанейро хотноо эхлэх хөлбөмбөгийн ДАШТ-ий үеэр ямар нэгэн эсэргүүцлийн хөдөлгөөн, зөрчил бүү гараасай хэмээн Ерөнхийлөгч Дилма Руссефф залбирч буй нь дамжиггүй. Бразилийн баг Дэлхийн цомыг зургаа дахь удаагаа атгавал тэрбээр бүр ч илүү баяр баясгалантай болох биз ээ.
Спортын наадмын арга хэмжээнүүдийн зэрэгцээ айсуй онд улс төрийн санаанд оромгүй “адал явдал”, эдийн засгийн шилжилт хөдөлг өөн үүд биднийг угтан авахыг “The Economist” цохож байна. Дэлхийн нийт хүн амын 40 орчим хувь нь үндэсний сонгуульд саналаа өгөх аж. Тэдгээрээс хамгийн томд тооцогдох нь Энэтхэгт өрнөх сонгууль агаад өдөр тутам шинэчлэл, хөгжлийн тухай өгүүлж буй Нарендра Моди шинэ Ерөнхий сайдаар сонгогдох магадлалтайг тус сэтгүүлийн зөвлөлөөс тодотгожээ.
“Жокови” хэмээн олноо алдаршсан Индонезийн Жакарта хотын захирагч Жоко Видодо ирэх онд болох Индонезийн Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн хүчтэй оролцогч болоод буй. Тэрбээр ялалт байгуулах төлөвтэй тул дэлхийн улс төр сонирхогчид айсуй онд хараанаасаа мулталж боломгүй эрхмүүдийн тоонд түүнийг оруулахыг “The Economist” санал болгосон байна. Түүнчлэн Ираны шинэ Ерөнхийлөгч Хасан Роухани, АНУ-ын Холбооны нөөцийн сангийн дэд тэргүүн Жанет Йеллен, Францын улстөрч Марин Ле Пен, Энэтхэгийн Нарендра Моди нарыг 2014 онд дэлхийн улс төрийн ертөнцөд доргилт авчрах хүмүүс хэмээн тэд тооцжээ.

2014 онд анхаарал татах үйл явдлын эзэд
“The Economist” сэтгүүлээс өнгөрсөн жилүүдэд дэвшүүлсэн таамаглалуудын биелсэн нь:
2013 АНУ-ын эдийн засаг илэрхий сэргэж эхлэх бол евро бүсийнхэн онцын өсөлт үгүй, харин Хятадын эдийн засаг тогтмол өсөлтөө хадгалах бол, Энэтхэгийнх суларна.
2012 Еврогоор гүйлгээ хийдэг улс орнууд задрахгүй 2011 Марио Монти Италийн Ерөнхий сайдаар сонгогдоно
2011 Аунг Сан Сү Чи гэрийн хорионоос суллагдана
2011 Өмнөд Судан тусгаар тогтноно
2010 Хятад улс эдийн засгийнхаа хэмжээгээр Японыг гүйцэж, дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдэнэ
2009 Их Британи 18 жилийн дараа анх удаа эдийн засгийн хувьд уналтад орно
Биелээгүй таамаглалууд:
2013 Сирийн Ерөнхийлөгч Башар Ассад төрийн хүчнээс бууна
2012 Энди Муррей “Уимблдон”-д аваргална
2011 Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийн хурд Хятадынхыг гүйцнэ
2011 Хосни Мубарак төрийн эрхээс бууна
2010 Гахайн ханиад өвчин дэлгэрнэ
2010 Кевин Радд төрийн эрхэнд үлдэнэ
2010 Их Британийн “The Tories” нам Парламентад олонхын суудал эзэлнэ
Б.ЦЭЦЭГСҮРЭН