Шинэчлэлийн Засгийн газар төрийн аливаа үйлчилгээний хүнд суртлыг халахаас гадна зардал хэмнэх дэвшилтэт арга хэлбэр сонгож ажиллахыг шат шатны байгууллагуудаас шаардаж, энэ чиглэлд шинэчлэл хийхийг үүрэг болгосон. Тэгвэл өнөөдөр төрийн үйлчилгээний арын албанд зүтгэдэг Төр засгийн үйлчилгээг эрхлэх газрын хамт олон нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулж, өнгөрсөн нэг жилийн хугацаанд хийсэн гол гол шинэчлэлээ танилцуулж байна.
2012 оноос эхлэн хэрэгжүүлэгч агентлагаас улсын төсөвт үйлдвэрийн газар болж шинэ бүтэц, зохион байгуулалтаар ажилласнаар уламжлалт үйлчилгээнүүдээсээ гадна өртөг хэмнэсэн шинэ бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж, зах зээлд нийцэх үйлчилгээнүүд нэвтрүүлсэн байна. Энэ онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар засвар шинэчлэл, бүтээн байгуулалтын 13 нэрийн ажил гүйцэтгэж, туг далбааны, ЛЭД дэлгэцийн, бэлэг дурсгалын, кино үзвэрийн, мужаан цехийн үйлчилгээ шинээр нэмжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, төрийн байгууллагуудаас зохион байгуулсан томоохон үйл явдлууд, гадаадын өндөр дээд хэмжээний зочдын төрийн ёслол хүндэтгэлийн арга хэмжээний арын албаны өндөр хариуцлагатай ажлыг ТЗҮЭГ гүйцэтгэдэг. Түүнчлэн, Төрийн ордон, төрийн захиргааны 8 төв байранд ажилладаг 20 гаруй байгууллагад цэвэрлэгээ үйлчилгээ, хангамж, байр ашиглалтын 30-аад нэр төрлийн үйлчилгээ үзүүлдэг. “Төрийн ордон нээлттэй болсноос хойш 265 мянган хүн, үүний дотор Чингис хааны төрсөн өдрөөр гэхэд 33 мянган иргэн зочилжээ. Төрийн ордонд орж үйлчилгээ авсан хүмүүсийг нэмж тооцвол нэг жилийн дотор зөвхөн энд гэхэд бид хагас сая хүнд үйлчилгээ хүргэлээ. Энэ хэрээр манай хамт олны ажил, хариуцлага нэмэгдсэн” гэж Төр, засгийн үилчилгээг эрхлэх газрын захирал Д.Нямжав онцоллоо.



Засгийн газраас зохион байгуулсан “Эдийн засгийн форум”, 100 гаруй орны төр засгийн өндөр албаны 1000 гаруй төлөөлөгч оролцсон “Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын VII бага хурал”, анх удаа иргэддээ нээлттэй болсон Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслол зэрэг төрийн ёслолын том арга хэмжээний бэлтгэлийг сайн хангаж, хариуцлагатай ажилласныг Ерөнхий сайд Н.Алтанхуяг онцлоод, Монгол төрийн үйл хэргийг хэвийн явуулах нөхцөл бүрдүүлж, найдвартай ар тал болж ирсэн тус газрын хамт олонд талархал илэрхийллээ.
Нээлттэй хаалганы өдрөөрөө "Нийтлэг үйлчилгээний чанар-шинэчлэл" сэдвээр танилцуулга хийж, аймаг, орон нутгийн төрийн захиргааны нийтлэг үйлчилгээний удирдах ажилтнуудыг оролцуулан тусгайлсан сургалтявуулж байна. 2013 онд ТЗҮЭГ-ын хамт олон Нийтлэг үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001:2010 олон улсын стандарт шаардлага хангаж, салбарынхандаа үлгэр дуурайлал болж байна гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.