Нийслэлийн Багануур, Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүрэгт Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд улсын бүртгэгч дангаар гарын үсэг зурж, баталгаажуулж байхаар боллоо. Өмнө нь ийм гэрчилгээнд улсын ерөнхий бүртгэгч бас гарын үсэг зурж, баталгаажуулдаг байсан юм.
Улсын бүртгэлийн ерөнхий газраас үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн үйлчилгээг шуурхай болгох зорилгоор зөвхөн дээрх дүүргүүдийн улсын бүртгэгч нарт ийм эрх олгож, иргэдэд хүргэх үйлчилгээний шат дамжлагыг цөөлжээ. Ингэснээр эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг яаралтай бол ажлын найман цагт, энгийн үйлчилгээ авбал тав хоногт гаргаж байхаар боллоо.
Үүнээс өмнө уг гэрчилгээг энгийн, яаралтай гэлгүйгээр ажлын гурав хоногт гаргаж өгдөг байв. УБЕГын үйлчилгээний I байранд байрлаж буй Сүхбаатар, Багахангай, Налайх дүүргийн эд хөрөнгийн эрхийн бүртгэгч нарт дээрх эрх хамаарахгүй аж.
Х.БАЙГАЛ