Бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том байгууллага болох Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Гадаад хэргийн Сайд нарын зөвлөлийн 20 дугаар хуралдаан Украины нийслэл Киев хотноо энэ сарын 5-нд эхэллээ. Хоёр өдөр үргэлжлэх тус хуралдаанд Гадаад харилцааны сайд Л.Болд тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Гадаад харилцааны сайд Л.Болд энэ өдөр хуралдааны нээлт, Сайд нарын түвшинд зохион байгуулагдах бусад арга хэмжээнд оролцож байгаа ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Ранко Кривокапич, Словак, БНСУ, Испани, Киргиз, Израил, Нидерланд, Тайланд зэрэг улсын төлөөлөгчдийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийж, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаас гадна харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.
ЕАБХАБ-ын Парламентын ассамблейн Ерөнхийлөгч ноён Ранко Кривокапичтэй уулзах үеэр Гадаад харилцааны сайд Л.Болд түүнд энэхүү хүндтэй албанд сонгогдсонд баяр хүргэж Монгол Улс ЕАБХАБ-ын бүрэн эрхт гишүүн улс болсноор Монгол Улсын Их Хурал ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн отгон гишүүн болсныг тэмдэглэв. Монгол Улс ЕАБХАБ-ын шинэ гишүүний хувьд бусад гишүүн орнуудад улс орноо таниулах, аюулгүй байдлын салбарын хамтын ажиллагааны боломжийг нэмэгдүүлэх, ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хувь нэмэр оруулах үүднээс 2015 оны ЕАБХАБ-ын хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах тухай Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдын захидлыг албан ёсоор гардуулав.
Монгол Улсын Их Хурал нь ЕАБХАБ-ын Парламентын Ассамблей гишүүн орноор нэгдсэнд баяртай буйгаа илэрхийлэн, байгууллагын үйл ажиллагаанд өөрийн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлж, энэ оны 10 дугаар сард Будва хотноо болсон ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн намрын чуулганд Монголын парламентын гишүүд анх удаа оролцсонг цохон тэмдэглэв. Ерөнхийлөгч Р.Кривокапич Монголын парламент ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн ээлжит хурлыг өөрийн улсад зохион байгуулах саналыг дэмжиж байгаагаа илэрхийлэв.