Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойг тохиолдуулан хоёр улсын Төр, Засгийн тэргүүнүүд болон Гадаад харилцааны сайд нар баярын захидал харилцан солилцов. Канад Улсын Амбан захирагч Эрхэмсэг ноён Дэвид Жонстон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид ирүүлсэн захидалдаа “...Канад Улс, Монгол Улс нь боловсрол, худалдаа, батлан хамгаалах, энхийг сахиулах зэрэг өргөн хүрээнд түншлэлийг жинхэнэ утгаар нь хөгжүүлж чадсан. Баяр жаргалтай, хүнд хэцүү ямар ч цаг үед Канад Улс үргэлж Монгол Улстай хамт байх болно. Дараагийн 40, түүнээс ч олон жил хамтран ажиллацгаая...” гэжээ. Түүнчлэн Канад Улсын Сенатын танхимын спикер Ноэл А.Кинзелла, Парламентын Нийтийн танхимын спикер Эндрью Шийэр нар хоёр орны хууль тогтоох байгууллага хоорондын харилцаа идэвхтэй хөгжиж ирсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж, хамтын ажиллагааг цаашид ч өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа нотолсон байна.
Гадаад хэргийн сайд Жон Бэйрд “...Канад, Монгол Улс өнгөрсөн 40 жилийн хугацаанд худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг бэхжүүлж, иргэд хоорондын солилцоог нэмэгдүүлэхийн сацуу олон талт хамтын ажиллагааны хүрээнд ч харилцаагаа амжилттай өргөжүүлж байна. Цаашид ч олон улсын тавцанд тэр дундаа ЕАБХАБ, НҮБ-ын хүрээнд идэвхтэй хамтран ажиллах болно” гэж Гадаад харилцааны сайд Л.Болдод илгээсэн захидалдаа дурджээ. Монгол Улс, Канад Улс 1973 оны 11 дүгээр сарын 30-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд эдүгээ улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр амжилттай хамтран ажиллаж байна. Канад Улс нь Монгол Улсын 6 дахь том хөрөнгө оруулагч юм. Дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойд хоёр талаас өндөр ач холбогдол өгч, тусгай хөтөлбөрийн тодорхой ажлуудыг хэрэгжүүлэв. Тухайлбал, энэ оны 7 дугаар сард “Хойд туйлын сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн, 10 дугаар сард Монгол, Канадын анхны боловсролын үзэсгэлэнг амжилттай зохион байгуулжээ.
Мөн 2013 онд УИХ-ын дарга З.Энхболд Канад Улсад, Канад Улсын Амбан захирагч Дэвид Жонстон анх удаа Монгол Улсад тус тус айлчиллаа. Эдгээр айлчлалаар дээд түвшинд хоёр улсын харилцааны өнөөгийн түвшинг дүгнэсний зэрэгцээ цаашид хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлсон. Аливаа харилцааны үндэс нь иргэд хоорондын харилцаа байдаг. Энэ хүрээнд Монгол Улсын иргэдэд 10 жилийн олон удаагийн виз олгож байх шийдвэрийг Канадын Засгийн газраас гаргасан бөгөөд өнөөдрийн байдлаар нийт 200 гаруй иргэн энэхүү хөнгөлөлтөд хамрагдаад байна. Манай талаас Канад Улсын иргэдийг 30 хүртэл хоног манай улсад визгүй зорчих зөвшөөрлийг Монгол Улсын Засгийн газраас гаргаад байна.