Мексикийн үндэсний хоол такогийн нэгэн хувибар болсон буррито дэлхийн аль орны хүмүүст таалагддаг учир нь халуун, чихэрлэг, давсархаг гээд олон амтыг нэг лор мэдрэх боломжтойд оршдог аж. Мастер тогооч Н.Бумцэрэн “Амт”-аар дамжуулан энэ удаа үхрийн махтай бурритог хэрхэн бэлтгэхийг заалаа. Энэхүү хоол орц ихтэй учраас гэрт бэлтгэхдээ хэмжээг нь багасгаж болох юм.
Орц:
Мах-300 гр
Хаш-150 гр
Сонгино-50 гр
Сармис-20 гр
Бор сүмс-60 гр
Салат навч-2 ш
Бяслаг-20 гр
Шар чинжүү-30 гр
Хийх арга:
180 хэм халаасан хайруулын тавагт урт нарийн хэрчсэн мах, хаш, сонгино, сармисыг хийж, 5-7 минут шараад, бага зэрэг давс, перецээр амталж, бор сүмс нэмээд үргэлжлүүлэн 7-10 минут жигнээрэй. Сүмс мах, ногоонд шингэж, чийглэх болох учиртай. Хэт удаан, хуурай болтол жигнэж болхгүйг санаарай.
Мах амтлах бор сүмс манай аль ч дэлгүүрт төрөл бүрээрээ бий. Гэхдээ BBQ буюу шарсан махны сүмс сонгож болохгүйг тогооч залуу сануулсан. Учир нь энэ төрлийн сүмс нэлээд гашуун амттай учраас хоолны үндсэн амтыг өөрчлөх талтай аж. За ингээд бэлэн болсон махыг тортилла бингийн гол зулж, дээр нь халуун жинчүү, салат навч, бяслагийг үелүүлэн тавина.
Үүний дараа бингээрээ шанзаа ороож тавина. Үүний дараа бингээрээ шанзаа ороож, дугуй, эсвэл хагас дугуй хэлбэрээр бооно.Хуймагт шанз ороодогтой адил гэсэн үг. Энэхүү хоолыг салса сүмсээр амтлан идвэл илүү "тасархай" болдог аж.
Бин хийх, орц, арга:
Тортилла бинг зүйрлэн хэлбэл монголчуудын цуйвангийн гурилаас нэг их ялгаагүй юм. Бэлтгэх арга нь хүртэл тун төстэй.
200 гр цагана гурил, 50 гр бүхэл үрийн буюу бидний ярьдгаар хар гурилыг сайтар холиод бага зэрэг давс, 15 гр ургамлын тос нэмсэн бүлээн усаар зуурна. Зуурмаг шингэн, ч хатуу ч биш байх учиртай.
Үүнийгээ нимгэн элдээд, цуйвангийн гурил бэлтгэдэг шиг хоёр талаас нь сайтар хайрна.
Одоо салса сүмс бэлтгэе.
Орц:
Улаан лооль-200 гр
Халуун ногоон чинжүү-100 гр
Сонгино-50 гр
Яншуй-20 гр
Элсэн чихэр-20 гр
Нимбэгний шүүс- 40 гр
Табаско сүмс-5 гр
Чидуны тос-30 гр
Улаан лоолийг жижиг шоо, үрийг нь авсан халуун ногоон чинжүүг урт нарийн, сонгино, яншуйг жижиглэн хярж хэрчээд нимбэгний шүүс, элсэн чихэр, давс, перец, табаско сүмс, чидуны тосоор амтлаарай. Нэг талаар салат байж болмоор энэхүү сүмсийг бурритон дээрээ дусаах, эсвэл тусад нь саванд хийгээд дүрж идэх боломжтой. Энэхүү сүмснээс чинжүү болон табаско сүмсний халуун, дарвигнуулсан, чихрийн нялуун, нимбэг ба яншуйны сэнгэнэсэн, лоолийн амтлаг зөөлөн амт бүр нь мэдрэгдээд салахын аргагүй юм. Ёстой л францчуудын хэлдгээр “диваажингийн” амт мэдрэгдлээ.