Ижил хүйстэн гэдгээ нийтэд зарласан Их Британийн усанд үсрэгч, 19 настай Том Дейли хувийн амьдралдаа сэтгэл хангалуун буйгаа саяхны ярилцлагадаа өгүүлж, дуулиа дэгдээлээ. Усан спортын мэргэжилтнүүдээс өндөр амжилт гаргах боломжтой гэсэн дүгнэлтийг аль хэдийнэ авсан залуу эрийг “Рио-2016”-д гайхамшиг бүтээнэ гэж онцлох хүмүүс ч бий. Лондоны олимпийн хүрэл медальт тэрбээр 10 м-ийн тавцангаас үсрэлтийн төрөлд ноёрхлоо тогтоосон. 15 насандаа буюу 2009 оны ДАШТ-ээс олны танил болж эхэлсэн билээ. Дейли усанд үсрэлтээр долоон настайгаасаа хичээллэсэн бөгөөд “Plymouth Diving” клубээс ялалтын буухиагаа эхэлжээ.
Британид болдог усанд сэлэлтийн томоохон тэмцээнүүдэд хоёр жилийн дараа тогтмол оролцож эхэлсэн юм. Түүний шүтээн нь 1998 оны Хамтын нөхөрлөлийн орнуудын наадмын аварга, Канадын тамирчин Александр Деспати аж. Дасгалжуулагчийнхаа үгнээс зөрөлгүй, бэлтгэл сургуулилтаа хангадаг Дейли хүү 2003 оны дөрөвдүгээр сард Британийн өсвөрийн тэмцээний 8-9 насны ангилалд түрүүлжээ. Үүнээс хойш түүний амжилт буураагүй юм. 1 м, 3 м-ийн трамплинаас харайлтын төрөлд өөрийн насандаа аваргалсан. Гэхдээ тэр тавцангаас үсрэлтийн төрөлд илүү авьяастай байлаа. 10 насны ойгоороо хүү Британийн 18 хүртэлх насныхны өсвөрийн тэмцээнд түрүүлж, хамгийн залуу аваргаар улсынхаа спортын түүхэнд тэмдэглэгджээ. Жилийн дараа хүү Австралид болсон ОУТд 3 м-ийн трамплинаас харайлтын төрөлд түрүүлэв.
2006 оны Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд оролцох багийн бүрэлдэхүүнд багтсан ч нас нь хүрээгүйн улмаас хасагдсан. Жилийн дараа тэрбээр тивийнхээ Залуучуудын олимпийн фестивальд оролцжээ. Бээжингийн олимпийн жил Британийн АШТ-ий 10 м-ийн тавцангаас үсрэлтийн төрөлд тэргүүлснээр улсынхаа хамгийн залуу аварга боллоо. Хос төрөлд ч бас түрүүлсэн байна. Үүнээс хоёр долоо хоногийн дараа Мадридын Гранпригаас мөнгөн медаль зүүжээ. Мөн Дэлхийн цомд гуравдугаар байр эзэлсэн байна. Ингэснээр тэр Британийн түүхэн дэх Дэлхийн цомын медальт хамгийн залуу тамирчин болсон. BBC түүнийг оны шилдэг залуу тамирчнаар нэрлэв. 2008 оны гуравдугаар сард Европын АШТ-д аваргалсан нь бас л улсынхаа түүхэнд дээд амжилт болж мөнхөрсөн. 1958 оны тивийн АШТ-д Шотландын Иан Блейк 17 насандаа манлайлж байжээ. Бээжингийн олимпийн наадамд Дейли 10 м-ийн тавцангаас үсрэлтийн төрөлд долдугаар байр эзэлсэн юм. 1960 оны олимпод 13 нас 144 хоногтойдоо Кен Лестер хэмээх тамирчин оролцсон түүхтэй. Харин Дейли 14 нас таван сартайдаа “Бээжин-2008”-д өрсөлдсөн билээ.
Гэрлийн хурдаар өссөн Дейлигийн амжилтад гэмтэл бэртэл сөрөг нөлөө үзүүлсэн нь бий. 2009 онд авсан гэмтлийн улмаас спортын талбараас хэдэн жил хөндийрсөн тэрбээр мөн оны Германд болсон Дэлхийн цомд 540,85 оноо авлаа. Энэ нь ганцаарчилсан төрөлд авсан хамгийн өндөр оноо байсан юм. Хос харайлт хамтрагчаас шалтгаалдаг. 2009 онд түүний хамтрагч Блейк Элдриж гэмтэл авсан тул Макс Бриктэй хослох болсон юм. Тэд Ромд зохиогдсон Дэлхийн цомын шигшээ тэмцээнд 539,85 оноогоор БНХАУ-ын хүчтэй өрсөлдөгч Цю Богийн өмнө орсон билээ. 2010 он оргил ялалтын он жилүүд байлаа. Хамтын нөхөрлөлийн орнуудын наадамд хошой алтан медаль зүүсэн Дейли Сингапурын залуучуудын анхдугаар олимпод тэргүүлж чадаагүй. Британичууд түүнд томоохон найдлага тавьж байсан ч, 3 м-ийн трамплинаас харайлтад есдүгээр байр эзэллээ. Гэсэн ч ВВС телевиз Дейлиг оны шилдэг залуу тамирчнаар гурав дахь удаагаа нэрлэсэн бөгөөд энэ цолыг гурван жил тасралтгүй хүртсэн анхны тамирчин нь тэр болжээ. Лондоны олимпийн өмнөх жил Афины олимпийн хос харайлтын мөнгөн медальт Петер Вотерфильд их спортдоо эргэн ирж, Дейлигийн хамтрагч болов. Хэдхэн өдөр хамтдаа бэлтгэл хийсэн үсрэгчид Шанхайд болсон 2011 оны ДАШТ-д анх оролцохдоо зургадугаар байр эзэлсэн нь чамлахааргүй амжилт байлаа. Ганцаарчилсан харайлтад тэрбээр тавдугаар байр эзэлжээ.
Эх орондоо болох олимпод Дейли өндөр амжилт гаргахын төлөө тэмүүлсэн нь мэдээж. Харамсалтай нь санаснаар болсонгүй. Олимпийн жил байнга ээрсэн хэл амны балгаар зорилгоо биелүүлж чадаагүй хэмээн нэгэн ярилцлагадаа өгүүлсэн удаатай. Британийн Үндэсний цом эхлэхээс хэдхэн хоногийн өмнө гэмтэл авсан залуу дасгалжуулагчтайгаа түнжин хагарч, ёс суртахууны доголдолтой тамирчин гэсэн “тодорхойлолт” авсан байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр Дейлигийн талаар таагүй мэдээллүүд хөвөрсөөр... Лондонд болсон Дэлхийн цомын цуврал тэмцээний хос харайлтад тэрбээр хамтрагч Петер Вотерфильдийн хамт долдугаар байр эзэллээ. Гэвч Дейли 2012 оны Европын АШТ-д түрүүлж, Дэлхийн цомоос нэжгээд алт, мөнгө, хүрэл медаль зүүснээр шилдэг тамирчин гэдгээ нотлон харуулсан. Лондоны олимпод аваргалах найдвар гэж ард түмэн нь түүнийг нэрлэж байлаа. Хос харайлтад Дейлигийн хос эх орондоо медаль авчирч чадаагүй юм. Харин ганцаарчилсан харайлтад тэр хүрэл медаль хүртжээ.
Өнгөрсөн тавдугаар сард гэмтэл авсан учраас Дейли өрсөлдөөний талбараас хөндий байгаа. Саяхан YouTube-ээр дамжуулан өөрийг өө ижил хүйстэн гэдгээ зарласан 19-тэй залуу “Охидыг би хүндэлж хайрладаг. Гэвч охинтой үерхвэл одооных шиг жаргал эдлэхг үй гэдгээ сайн мэдэж байна” хэмээн өгүүлжээ. Өдгөө тэрбээр төрөлх Плимутад ээж, хоёр ахынхаа хамт амьдардаг. 2011 онд түүний аав ходоодны хорт хавдраар таалал төгссөн байна.
Б.ӨЛЗИЙТОГТОХ