УИХ-ын чуулганы баасан гаригийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Н.Алтанхуяг, танхимын сайд нарын хамт УИХ-ын гишүүдийн сонирхсон асуултад хариулсан юм. Хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу энэ өдрийн хуралдаан цаг 30 минутад багтах байсан ч цаг илүү хэтэрсэн. Хуулийн хугацааг хэтрүүлэн байж эрхэм гишүүд Засгийн газрын тэргүүн болон гишүүдээс юу асууж, тодруулсныг товч хүргэж байна.
Д.Оюунхорол: -Баруун аймгуудад хүмүүсийн амьжиргаа дордсон байна. Ажилгүй, орлогогүй иргэд сар бүрийн 21 мянган төгрөгөөр амьдралаа авч явж байсан. Энэ мөнгийг зорилтот бүлэгт нь өгөх хэрэгтэй. Ядуу амьдарч байгаа 600 мянган иргэнд 21 мянган төгрөгийг сар бүр өгч яагаад болохгүй гэж. Гэтэл үнэ тогтворжуулахад зориулсан гурван их наяд төгрөг баруун бүсэд ямар ч нэмэр болоогүй байна. Гурван их наяд төгрөг бол сар бүр иргэддээ олгодог байсан 21 мянган төгрөгийн таван жилийн нийлбэр дүн шүү. Таны болон Ч.Улаан сайдын гарын үсэгтэй, ахмадын байгууллагыг хоёр хуваасан хууль зөрчсөн тогтоол гарчээ. Чөлөөт ахмадын холбоонд санхүүжилт өгнө гэсэн байна. Ахмадын байгууллагыг нэгдэж ажиллах талаар бус тус тусдаа ажиллахад хүргэж байгаа шийдвэрээ эргэн харна уу. Орон нутгийн сонгуулийн үр дүнг баталгаажуулахгүй байна. Орон нутагт Засаг дарга нарын томилгоог яагаад гацаагаад байгаа юм бэ.
.jpg)
Н.Алтанхуяг: -Бэлэнчлэх сэтгэлгээг дэмжихгүй. Битгий уриалан дуудаад бай. Ядуурал бол олон жилийн урхаг. Улаанбаатар утаанд баригдсан, хүм үүсийн амьжиргаа муу байгааг нэг жил ажилласан Засгийн газар болон над руу битгий чих. Хууль баталж, бүсийн нэмэгдэл өгөөд болчихдог юм биш. Энэ байдлаас гарахын тулд бэлэнчлэх сэтгэлгээг халах ёстой. Ийм буруу ойлголтоос болж тэдний амьжиргаанд өнгөрсөн 20 жил бодит өсөлт гарсангүй. Ирэх жил Баян-Өлгий аймаг хатуу хучилттай авто замаар холбогдоно. Ингэснээр амьжиргаа сайжирна. Бид зорилт тавин ажиллаж байна. Ахмадын байгууллагыг бид хуваагаагүй. Хоёр байгууллага хамтарч ярилцаад бичиг ирүүлсэн. Хамтран ажиллахаар болсон. Улстөржихгүйгээр ахмадын төлөө ажиллахаар болсон. Харин үүнийг Дархан-Уул, Сэлэнгэ аймгийнхан үймүүлж байгаа. Та бүхэн өмнө нь нэг л байгууллагатай гэрээ хийдэг байсан. Харин би “Хоорондоо учраа олоод ир” гээд зохицуулсан. Танай намын Сүхбаатар, Баасандорж нар гар барилцсан зурагтайгаа ирээд ахмадын хоёр байгууллага нь цаашид нэг байгууллага болж ажиллана гэдгээ хэлсэн. Дорнод аймагт МАН олонх. Танай олонх хуралдаж чадахаа байсан байна лээ. Та нар олонх юм бол хурлаа хуралдуулаад, хүнээ гаргаад ир л дээ.
Ө.Энхтүвшин: -Бид асууж, Ерөнхий сайд маазарч, бөөрөнхийлөөд жил гаруй болчихлоо. Энэ цагийг үр дүнтэй болгомоор байна. Сайн, шударга, хүчирхэг төрийн тухай яриад байдаг. Гэтэл ард түмний хүсэл зоригийг үл ойшоосоор жил болж байна. Би ЗГХЭГ-ын дэд дарга Ч.Сайнбилэгтэй уулзсан. Таны одоо ярьж байгаа, Ч.Сайнбилэгийн ярьж байгаа хоёр зөрж байна. Та 12 тойрогт дахин сонгууль явуулах тухай ярьж байна. Гэтэл Ч.Сайнбилэг бүх тойргийн сонгууль хүчингүй болсон учраас өмнөх ИТХ-ын бүрэн эрхийг сэргээгээд төсвөө баталсан тухай ярьсан. Энэ бол завхралын жишээ. Та олонх байж Хөвсгөл, Дорнод дээр хурлаа хийгээч гэж байна. Та жил гаран залхтал шүүхээр явуулсан. Хүн юм чинь залхдаг юм байна лээ, “Одоо больё доо” гээд нэрээ татсан. Хөвсгөл аймаг Засаг даргаа сонгосон. Эрх биш та батлах байлгүй. Асуудал шийдэгдэхгүй болохоор орон нутагт халдварлаж, улам зохицуулалтгүй болж байна. Орон нутгийн ажилд ил далд янз бүрийн байдлаар оролцож байгаа учраас ийм байдалд хүрлээ. Махны үнэ бууруулахад зориулсан 87 тэрбум төгрөг асуудал үүсгэж байна. Хүмүүсийн ярьж буйгаар 10 тэрбумаас бусад нь алга болсон гэнэ. Улаанбаатарын утааг бууруулахын тулд ойрын хугацаанд юу хийхээ тодорхой хэл. Гурван жилийн дараа хариуцлага хүлээнэ гэж битгий ярь, та тэр үед явчихана.
Н.Алтанхуяг: -ГовьАлтай аймгийн хувьд би мэдэхгүй, Дээд шүүхээс асуу. Энэ асуудал Засгийн газарт огтхон ч хамаагүй. ИТХ нь аливаа асуудлаар шийдвэр гаргах эрх зүйн чадамжгүй гэх бичиг миний өмнө байна. Дээд шүүхийн тогтоолтой танилц. Тэгээд маргадаг хүнтэйгээ марга. Дөрвөн жилийн хугацаанд ажлаа хийсэн шиг хийнэ. Утааг бууруулах ч бай, юу ч бай хийсэн шиг хийнэ. Өнгөрсөн нэг жилд хийсэн шигээ дараагийн гурван жил ажиллана. Бид мөнгө төгрөг идэж, уух гэж ажиллаагүй. Хэчнээн гүжирдсэн ч бид хийдгээ хийнэ. Чардайтлаа зүтгэнэ. Бид эрүүл саруул шүүмжлэлийг минут, секунд тутамд сонсоно. Шүүмжлэл, гомдол бүрийг авна.
Х.Золжаргал (Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга): -87 тэрбум төгрөгийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг оролцогч компаниуд санхүүжүүлэхээр тохирсон. Махны нийт санхүүжилт 70 орчим хувьтай байгаа. Дархан, Эрдэнэтийнх бүрэн, Улаанбаатарынх 61 хувь нь бэлтгэгдсэн. Өчигдөр (өнгөрөгч пүрэв гариг)бүх газрыг яамнаас шалгасан.
М.Энхболд: -“Чингис” бондын 300 сая ам.доллар нь юунд зарцуулагдах нь тодорхой бус, 600 сая ам.доллар данснаас гараагүй бүтэн жил хүү төлж байна. Үүнд ямар дүгнэлт хийж байна вэ. Төсвийн орлого эхний 11 сарын байдлаар 130 тэрбум төгрөгөөр тасарч байна. Холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох эсэхээ тодорхой хэлнэ үү.
Ч.Улаан (Сангийн сайд): -“Чингис” бондыг хоёр үндсэн зориулалтаар ашиглаж байгаа. Нэгд үгээрт, хөгжлийн хөрөнгө оруулалт болгон эдийн засагт үр ашигтай байх чиглэлээр ашиглаж байна. Хоёрдугаарт, макро эдийн засгийн тогтворжилтыг хангах чиглэлээр ашиглаж байна. Энэ үүргээ гүйцэтгэж байгааг бид бүгдээрээ хүлээн зөвшөөрөх байх. Төсвийн орлого тасалдаж байгаа шалтгааныг үнэн зөв тогтоох ёстой. Шалтгааныг судалж үзэхэд 90 гаруй хувь нь байгууллагын үйл ажиллагаанаас шууд хамаарахгүй тасалдсан байна. Улсын төсвийн орлогыг бүрдүүлэх зохистой аяныг зохион байгуулж байна. Хариуцлага алдсан хүмүүст агентлагийн хүрээнд хариуцлага тооцож байгаа. Оны эцсээр дүн гарсны дараа энэ асуудлыг тодорхой ярина.
Ж.Батсуурь: -Орон сууцны үнэ хэрээс хэтэрлээ. Бусад бараа бүтээгдэхүүний үнэ ч дагаад өслөө.
Н.Алтанхуяг: -Орон сууцны үнийн тухайд шинэ юм биш л дээ. Өнгөрсөн жил, түүний өмнөх жил ч тийм л байсан. Засгийн газрын хувьд бүх бараа, бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах боломжгүй. Бүх юмны үнэд нөлөөлж болзошгүй бараа, бүтээгдэхүүн дээр “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлсэн. Нефт, мах, цемент, арматурын төмөр гэхчлэн хөтөлб өр хэрэгжсэн бүтээгдэхүүнүүд боломжийн үнэтэй байгаа. Ер нь тэгээд цагаан будааны үнэ тогтворжуулна гэж хэн хэлсэн юм бэ. Зохиомлоор янз бүрийн юм бий болгодог, сэтгэл санааг хоёрдуулдаг. Амьд хүн аргатай, аргалын цог галтай. Болно оо, болно. Манай зах зээлд цөөхөн компани ноёрхлоо тогтоочихоод байна. Тийм учраас Засгийн газар ирэх онд шударга өрсөлдөөн бий болгохын төлөө ажиллана.
Б.НОМИН