“Сонгуулийн дараа иргэд биднийг юу хийх бол гэж харсан. Бид хийх ёстой зүйлээ тодорхойллоо. Одоо үүнийгээ яаж ажил хэрэг болгох талаар ний нийгүй ярилцъя гэж та бүхнийг урьсан юм” хэмээн Төрийн тэргүүн үгэндээ онцлов. Тэрбээр өчигдөр УИХ дахь бүлгийн дарга нар болон гишүүдтэй Төрийн ордонд уулзсан юм. “Бид” гэдэг нь улиран сонгогдсон өөрийгөө, УИХ-д олонх болсон АН болон “Шударга ёс” эвсэл, ИЗНН, тэдний алдаа мадгийг хянахаар тохоогдсон МАН-ыг хамтатгаад хэлэв бололтой. Хийх ёстой ажлынхаа тодорхойлолтыг тэр “Том төрөөс ухаалаг төр лүү” чуулган дээр дэвшүүлсэн юм.

Төрийн данхар бүтцийг цомхтгож, хүнд суртал, авлигыг халах, “бялуу” хуваах зарчмаар бий болгосон сул орон тоо, албан тушаалтнуудыг цэгцлэх нь түүний гол санаа. Нийгмийг багагүй шуугиулсан дээрх чуулганы дараа УИХ дахь Бүлг үүд уг асуудлыг авч хэлэлцээд дэмжиж буйгаа илэрхийлсэнд Ерөнхийлөгч юуны өмнө талархана лээ. Мөн “Манай УИХ-ын гишүүд тэр чуулганд их идэвхтэй оролцсон” хэмээн магтсан. Түүнчлэн төрийн байгууллагууд ч дутагдлаа яаж засах талаар яриа өрнүүлсэн гэсэн мэдээлэл түүнд хүрчээ. Төрийн ордны “А” танхимд зарласан уулзалтад хамгийн түрүүнд Л.Цог, Ц.Оюунбаатар нар орж ирсэн юм. Байнгын хороо хуралддаг танхим учраас УИХ-ын 76 гишүүнийг багтаах аргагүй. Тиймээс Бүлэг тус бүрээс тодорхой тооны гишүүн урьсан байх гэсэн таамаг сэтгүүлчдэд байлаа. Танхимын багтаамж муу ч гишүүд цувсаар чуулганы хуралдаанд ч байдаггүй шахам ирц бүрдэж, 50 орчим хүн цугласан. Ерөнхийлөгч “оршил” хэлсний дараа хэвлэлийнхнийг гарахыг хүссэнээр хурал хаалттай үргэлжиллээ.
С.ТУУЛ