УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр Тусгаар тогтнолын ордонд “Бизнес эрхлэх таатай орчин, баялаг бүтээгчдийн орлого” сэдэвт уулзалт зохион байгуулж, бизнесийн салбарынхны байр суурийг сонсов.
Тус уулзалтад оролцсон бизнесмэнүүд Монголын банк санхүү, хөдөө аж ахуй, уул уурхай, жижиг, дунд бизнес, эрчим хүч, барилга зэрэг үйлдвэрлэлийн бүхий л салбарт тулгамдаж байгаа хүндрэл, төрөөс ирж буй дарамтын талаар байр сууриа илэрхийлж, “Төр бизнес эрхлэгчдэд хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлж өгөх ёстой болохоос саад болох учиргүй” гэв. Түүнчлэн уул уурхайн салбарынхан “Засгийн газар, УИХ-ын удирдлага гадаад орнуудад айлчлахдаа Монгол Улсад хөрөнгө оруулаач гэж гуйдаг хэрнээ өнөөдөр энэ салбарт бодит хөрөнгө оруулалт хийчихээд, санхүүгийн хүндрэлд тээглэгдсэн яваа аж ахуйн нэгжүүдээ тоодоггүй“ гэсэн бол жижиг, дунд бизнес эрхлэгчид “Засгийн газар 20 сая хүртэлх төгрөгийн тендерт үнийн санал авахад томдсон шалгуур тавьж байгаа нь бидний өсөж дэвжих боломжийг хязгаарлаж байна” гэсэн юм.
Улс орны эдийн засгийн тодорхой хувийг нуруундаа үүрч яваа бизнесмэнүүдийн уулзалтын төгсгөлд МАН-ын дарга М.Энхболд “УИХ дахь МАН-ын бүлэг цаашдын үйл ажиллагаандаа татварын орчны шинэчлэл, иргэд, аж ахуйн нэгжийн өмчийн эрхийн асуудал, бизнес эрхлэгчдэд төрийн зүгээс үзүүлж буй дарамтыг багасгах” зэрэг асуудлыг тусгана гэж мэдэгдэв.
Д.ЦАЦРАЛ