2002-2010 онд хэрэгжсэн Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн үргэлжлэл буюу дараагийн алхам болох Авлигатай тэмцэх, үндэсний шударга ёсны тогтолцоог бэхжүүлэх стратегийн баримт бичиг батлах санаачилгыг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж гаргасан. Энэхүү бодлогын баримт бичгийн төсөл боловсруулан орон даяар хэлэлцүүлж, саналыг нь тусгах ажлыг Авлигатай тэмцэх газартай хамтран АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Азийн сан, “Мерси кор” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр Монголын хуульч эмэгтэйч үүдийн холбоо (МХЭХ) хэрэгжүүлж байгаа аж. Төслийн дагуу олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн төлөөллөөр хэлэлцүүлэх ажил өчигдөр хэвлэл мэдээллийн салбарынхантай уулзсанаар өндөрлөлөө.
Үндэсний хөтөлбөрийн төсөлд санал авах зөвлөлдөх уулзалтад МХЭХ-ны тэргүүн Б.Долгор оролцож, авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгааны тайлан болон төслөө танилцуулсан. Түүний өгүүлснээр энэхүү бодлогын баримт бичгийн төсөлд төрийн өндөр албан тушаалтнуудын авлигад өртдөг байдлыг бууруулах, таслан зогсоох чиглэлд илүүтэй анхаарч, тусгахыг хичээжээ. Мөн үүнтэй холбоотойгоор мэдээллийн ил тод байдлыг хангах, мэдээлэл авах эрхийг баталгаажуулж, эрэн сурвалжлах сэтгүүл зүйг бодлогоор дэмжиж, тусгай хөтөлбөр хэрэгжүүлэх талаар чиглэл өгнө гэлээ. Судалгааны дүнгээр Монгол Улсад тулгарч буй асуудлын жагсаалтад авлига хоёр байраар урагшилж, гуравдугаарт оржээ.
Мөн газрын алба болон уул уурхай авлигад хамгийн их өртсөн таван салбарыг тэргүүлсэн хэвээр байгаа бол хахуулийн дундаж хэмжээ 294 мянган төгрөг байна. Төслийн хүрээнд ярьсан саналуудыг нэгтгэн хэлэлцэх эцсийн уулзалт, зөвлөлгөөнийг энэ сард зохион байгуулж, он гарангуут Ерөнхийлөгчид танилцуулах юм байна.
Б.НОМИН