Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад нэр дэвшигч нь төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан байхыг шаарддаг. Энэ шаардлагыг хангаагүй гэдэг үндэслэлээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг Дорнод аймгийн Засаг даргад нэр дэвшсэн М.Бадамсүрэнг батламжлаагүй. Үүнийг нь шүүхийн шийдвэр баталгаажуулж буй. Харин М.Бадамсүрэнг томилохоос татгалзсан Н.Алтанхуяг сайдын шийдвэр хуульд нийцэж байгаа юм бол Баянхонгор болон Төв аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын захирамж хууль бус буюу Үндсэн хуульд үл нийцэж байна гэдэг үндэслэл тавьж Ардын намынхан Цэцэд хандаад байсан.
Өөрөөр хэлбэл, ажлын туршлагын хувьд М.Бадамсүрэнтэй ижил хүмүүсийг Төв, Баянхонгор аймагт Засаг даргаар томилчихсон хэрнээ “Ардын намын гишүүнийг ялгаварлан гадуурхлаа” гэх маягтай хандаад байсан юм. Тэгвэл дээрх гомдлыг хянан үзсэн Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагваа тогтоол гаргаж, Ерөнхий сайдын 2012 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр Д.Жаргалсайханыг Баянхонгор аймгийн Засаг даргаар томилсон тухай 80 дугаар захирамж Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлаар маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэх үндэслэлтэй гэжээ. Харин Төв аймгийн Засаг даргаар томилогдсон Д.Баярбатыг томилсон захирамж Үндсэн хууль зөрч өөгүй байна хэмээжээ.
Баянхонгор аймгийн Засаг даргыг томилсон захирамж “эцэг” хуульд зөрчсөн эсэхийг тогтоох хуралдаан ойрын үед болох юм байна.
Б.НОМИН