Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх, төсвийн үргүй зардлыг хэмнэх зорилгоор яам, агентлаг, бүх шатны Засаг дарга нар, төсөвт байгууллага, төрийн өмчит болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагуудад шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар үүрэг, даалгаврыг Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргалаа.
Шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ төсвийн мөнгөөр архи, согтууруулах ундаа худалдан авах болон өндөр үнэтэй эд зүйлсээр сугалаат тоглоом явуулах, өндөр үнээр урлагийн тоглолт авахыг хориглосон байна. Мөн хамтран ажилладаг байгууллагуудад төсвийн хөрөнгө, байгууллагын мөнгөөр шинэ жилийн мэндчилгээ хэвлүүлэн солилцох, бэлэг дурсгалын зүйл бэлэглэдэг явдлаас татгалзаж цахим хэлбэрээр мэндчилгээ явуулах нь зүйтэй гэж үзжээ.