Энэ сарын 11-21-нд Италийн Трентино хотноо болж буй оюутны өвлийн спортын XXVI Универсиадад 51 орны 1725 тамирчин 12 спортын 79 зай, төрөлд өрсөлдөж байна. Биатлон, уулын цана, кёрлинг, тэшүүр, цанын хоёр төрөлт, гүйлтийн цана, трамплинаас харайлт, сноуборд, уран гулгалт, фристайл, шорт-трек, хоккей хөтөлбөрт нь багтсан цагаан наадамд манай цаначид хүч сорьж буй.
Сочигийн олимпийн оноо цуглуулах “А” зэрэглэлийн энэхүү тэмцээний эмэгтэйчүүдийн 10 км (5 км сонгомол+5 км чөлөөт)-т 75 тамирчин оролцох мэдүүлгээ ирүүлснээс манай цаначин Ч.Отгонцэцэг 64 (35:58.6)-р байр эзэлжээ.
Энэ зайд Казахстаны Т.Оссипова түрүүлж (29:34.7), Украины К.Григоренко (29:35.7), Финландын М.Питкайнен (29:36.1) нар удаалсан байна. Эрэгтэйчүүдийн 15 км-ийн уралдаан (7,5 км сонгомол+7,5 км чөлөөт)-д 83 цаначин уралдсанаас Б.Бямбадорж 77 (46:32.7), Б.Гэрэлт-Од 79 (47:53.0), Т.Доржготов 81 (50:29.8)-т тус тус жагслаа. Уг зайд Р.Шакирзянов (ОХУ) 38:42.1, М.Старостин (Казахстан) 38:42.7, П.Суйлатов (ОХУ) 38:42.7 нар эхний гуравт хурдалжээ.
МЕДАЛЬ ХҮРТСЭН ОРНУУД
Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1.ОХУ 6 7 8 21
2.Польш 3 5 2 10
3.Итали 2 1 3 6
4.Чех 2 2 1 5
4.Франц 2 2 1 5
6.БНСУ 1 1 3 5
7.Казахстан 1 1 - 2
7.Словак 1 1 - 2
9.Финланд 1 - 2 3
9.Япон 1 - 2 3