Үнэхээр чин хүсэлтэй байгаад, уйгагүй хөдөлмөрлөж, тэмүүлбэл дуучин болж чадна гэж мэргэжлийн урлагийнхан ярьдаг юм билээ. Тэгвэл хүсээд, эрээд ч олдохгүй эрдэнэ гэдэг шиг хэн дуртай нь дуурийн дуулаач болж чаддаггүй гэж дэлхийн томчууд хэлсэн байдаг. Дуурийн дуучин болохын хэцүүг ойлгодог, учир мэдэх хүмүүс үүнтэй санал нийлдэг.
Монголд дуурийн дуулаач бэлтгэдэг сургуулиуд хангалттай ч улсын хэмжээнд дуурийн гэх тодотголтой ганц театр бий. Энэ бол дуулаачийн мэргэжлээр төгсөгчдөд ажлын байр хангалтгүй байна гэсэн үг. Тэгвэл энэ мэргэжлийг эзэмшсэн хэсэг залуу “Залуусын театр” байгуулан, энэ сарын 22-нд П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар нээлтээ хийхээр төлөвлөжээ. Олон жил энэ урлагаар тууштай явж, төгссөн уран бүтээлчдэд боломж олгох зорилготой залуучуудад амжилт хүсье. Энэ мэтээр манай мэргэжлийн урлагийн салбарт залуу уран бүтээлчид цэвэр өрсөлдөөн бий болгож, хувийн театруудаа байгуулж буй. Үүний нэг жишээ нь өнгөрсөн жил байгуулагдсан Их эзэн хааны театр билээ.
Э.ХАНА