Саяхан “New York Times” сонин нэгэн сонирхолтой асуудлыг сөхжээ. Тус сонин өнөөгийн NBA-гийн удирдлагууд сагсан бөмбөгийг бизнес болгож буйг шүүмжилсэн байна. Тодруулбал зөвхөн өнгөрсөн сард гэхэд 21 удаа тоглогчийг зүй бус үйлдэл гаргасан хэмээн үзэж, 602.882 доллараар торгожээ.
Сүүлийн арван жилд тоглогчид болон бусад албаны хүмүүс 341 удаа шийтгүүлж, үүнээс 11.4 сая “ногоон” олсон сонирхолтой баримтыг besttickets. com дэлгэсэн юм. Үүнээс шүүгчдийг шүүмжилсний улмаас 81 удаа тоглогчийг “гэмтэн” болгож байв. Харин үзэгчидтэй зүй бус харьцсан 42, шүүгчдийн шийдвэрийг хүндлээгүй 35, талбай дээр зодолдсон 26, ноцтой алдаа гаргасан гэж үзэн 22 тохиолдолд мөнгөн торгууль оноосон байна. Түүнчлэн сүүлийн үед фэйсбүүк болон твиттерээр бүдүүлэг коммент бичсэн тохиолдлуудад лигийн удирдлага торгох шийдвэр гаргасан гэнэ.
Анх 2009 онд“Бакс”- ын Брэндон Женнингсийг ийм шалтгаанаар 7500 долларын өрөнд оруулж байв. Тоглогчдоос довтлогч Владимир Радманович 500 мянган доллараар торгуулсан нь дээд амжилтаар бүртгэгджээ. Тэрбээр 2007 онд сноубордоор гулгаж байгаад гэмтэл авсан нь ийн азгүйтэх шалтгаан болжээ. Түүнийг “Лэйкерс”-тэй байгуулсан гэрээгээ зөрчсөн хэмээн үзсэн юм. Харин дасгалжуулагчдыг Фил Жексон илт тасархай тэргүүлдэг. NBA-д тоглогч, дасгалжуулагчаар ажиллахдаа 13 аваргын бөгж цуглуулсан энэ эр 10 удаа шийтгэл хүлээж, холбоонд 380 мянган долларын орлого оруулсан түүхтэй. Тэгвэл түүнтэй ижил амжилтыг “Маверикс”-ын босс Марк Кубан үзүүлжээ. Бизнесмэн эр 2000 оноос хойш 1.8 сая долларыг лигт төлсөн баримт бий.
Бусад мэргэжлийн лигүүдтэй харьцуулахад NBA-гийн удирдлагууд шийтгэлээс олсон мөнгөө буяны байгуулагад хандивладаггүй гэнэ. Ингээд өнгөрсөн арван жилд хамгийн олон удаа шийтгүүлсэн “муу залуус”-ыг танилцуулъя.
7.МЕТТА УОЛД ПИЙС (Нью-Йорк Никс)
Метта Уолд Пийс буюу Рон Артест 2003 оноос хойш өдгөө хүртэл дөрвөн шийтгэл хүлээж, нийтдээ 75 мянган долларын торгуулийн чек хүлээн авчээ. Түүний алдагдал үүгээр дуусахгүй. Тэрбээр 2003 онд“Пэйсерс”-ийн тоглогч байхдаа “Никс”- тэй хийсэн тоглолтын үеэр телевизийн камер эвдэлсэн тул гурван тоглолт өнжих шийтгэл хүлээжээ. Хоёр жилийн дараа “Пистонс”-ын эсрэг тоглолтод зодоон хийсний улмаас тэр улиралд дахин талбайд гарах эрхгүй болж, цалингийнхаа 5 сая долларыг алдахад хүрчээ
6.КЕВИН ГАРНЕТТ (Бруклин Нетс)
NBA-гийн хамгийн хорон үгтэй тоглогч гэгдэх Гарнетт таван шийтгэлийн улмаас 85 мянган долларын өрөнд унажээ. Тэрбээр өнгөрсөн жилийн плей-оффт “Майами Хит”-д ялагдсаныхаа дараа сурвалжлагчид ярицлага өгөхгүй гэж зөрүүдэлснээр 25 мянган доллараас салах болсон гэдэг
5.КЭНЬОН МАРТИН (Нью-Йорк Никс)
Тэрбээр Гарнеттийн адил таван удаа банга хүртэж, 107 мянган доллар төлж байв. Мартин 2006 онд “Наггетс”-ийн төлөө хүчин зүтгэж байхдаа “Буллз”-ын нэгэн фанатад гар хүрсэн удаатай. Түүний гарын “амт” 15 мянган долларын үнэ хүрчээ.
4.АЛЛЕН АЙВЕРСОН (зодог тайлсан)
Бие жижигтэй ч омголон зантай “Хариулт” сүүлийн хэдэн жил лигт тоглоогүй ч хэдийнэ зургаан шийтгэл амсаад амжсан байна. Тэрбээр 2007 онд “Наггетс”- ийн гишүүн байхдаа шүүгчийг хараасан хэргээр 25 мянган доллар төлөхийг лигийн удирдлагууд шаарджээ. Сонирхолтой нь Айверсон хуучин багийнхаа эсрэг тоглохдоо ийн бүдүүлэг аашилжээ.
3.ШАКИЛ О’НИЛ (зодог тайлсан)
Шак 2010 онд “Селтикс”-т тоглож байхдаа Зул сарын баяраар “Мэжик”- т хожигдсондоо шаралхаж, бүдүүлэг авирласан нь хожим 35 мянган доллараар торгуулах үндэс болжээ. Энэ нь түүний хувьд хамгийн сүүлийн шийтгэл байлаа. Долоон жилийн хугацаанд тэрбээр зургаан удаа “гэмтэн” болж, 145 мянган доллар төлжээ.
2.СТИВЕН ЖЕКСОН (Лос-Анжелес Клипперс)
“Клипперс”-тэй шинэ гэрээ байгуулаад удаагүй байгаа “Ахмад Жек” зургаан удаагийн зүй бус үйлдлээр 180 мянган доллар лигт тушаасан юм.
1.РАШИД УОЛЛЕС (зодог тайлсан)
Жагсаалтын ¹1-т мэдээж Р.Уоллес орно. Шүүгч нартай мөнхийн дайсагналцаж байдаг түүний шийтгэл хүлээх гол шалтгаан нь дээрх мэргэжлийнхэн байв. Сүүлийн арван жилд найман удаагийн үйлдлээр 205 мянган долларын өрөнд унасан нь муу залуусын жагсаалтыг давамгай тэргүүлж байна. Өдгөө “Пистонс”-ын туслах дасгалжуулагчаар ажиллаж буй Рашид гурван жилийн өмнө “Селтикс”-т байхдаа шүүгчийн шийдвэрийг эрс эсэргүүцсэний улмаас 35 мянган доллар төлсөн удаатай. Тэрхүү улирлын дараа ахмад довтлогч өмсгөлөө хананд өлгөхөөр шийдсэн ч хоёр жилийн дараа “Пистонс”-т эргэж ирсэн билээ. Улмаар“Бостон”-той хийсэн плейоффын тоглолтын үеэр шүүгчтэй хэрэлдэж, 25 мянган доллароосоо салжээ.
Э.ТЭМҮҮЛЭН