.jpg)
Албан тушаалын шахаанд өгсөн П.Ганхуягийн “салаавч” гэсэн айхтар гарчигтай нийтлэл өдөр тутмын сонин, цахим хуудаснаа “төлбөртэй” гэсэн тодотголтойгоор гарчихаж. “Ялсан” хүний ярвагардуу дүрээр П.Ганхуяг “Араа мэдэж арсалдаарай” гэж байгаа юм шиг санагдчихлаа. Түүнийг огцруулсан ИТХ-ын шийдвэрийг Ерөнхий сайд Н.Алтанхуяг хүлээн авах боломжгүй гээд буцаасан тул сүр жавхлантайгаар суудалдаа эргэж тухалсан хүний үг аятай ойлгогдож байна. Шахааны хүмүүст албан тушаал өгөөгүйнх нь төлөө нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага нь П.Ганхуягийг хуйвалдан огцруулж, үүнийг нь Засгийн газрын тэргүүн өөгшүүлэлгүй, нам дарлаа гэсэн агуулга эл нийтлэлийн цөм юм. Гэхдээ ИТХ-ын ээлжит хуралдаанаар түүнийг хэд хэдэн тодорхой үндэслэл тавин огцруулсан санагдана. Тухайлбал, Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, орон нутгийг 2016 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэл, сонгуулиар дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн биелэлт муу, эдгээр бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхээс зайлсхийсэн, зарим сумын Засаг дарга нарын буруутай үйл ажиллагааг хаацайлж, өөгшүүлсэн, тендер болон газар өмчлүүлж, ашиглуулахтай холбоотой хууль бус үйлдлүүдийг нь нэрлэсэн байсан.
Энэ тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр дэлгэсэн баримт нь бүр ч “аймаар”. “П.Ганхуяг ч өнгөрчээ. Засаг даргын суудлаа өгөөд өнгөрвөл яамай” гэж бодогдохоор баримтуудыг дэлгэсэн байсан. Гэтэл Ерөнхий сайд П.Ганхуягийн асуудалтай хамт орж ирсэн Дундговийн Засаг дарга С.Сүхбаатарыг огцруулах ИТХ-ынх нь шийдвэрт тэр дор нь гарын үсэг зурж, баталгаажуулсан юм. “Ардын намын Засаг даргын “хойтхыг уншчихлаа”, АН-ын Засаг даргыг яах нь вэ” гээд хараад байсан чинь байж байж шийдвэр гаргахдаа харин ч бүр суудалд нь тухлуулчихлаа. Эл шийдвэрийн дараа дээрх төлбөртэй нийтлэл гарч байгаа нь энэ. П.Ганхуяг гэж хэн болох, Дорноговийн АН-д юу болоод буй, цаашлаад П.Ганхуяг, Н.Алтанхуягийн хооронд ямар холбоо байдгийг мэдэхгүй над шиг олон хүнд "Өө, яагаад" гэсэн асуулт, эргэлзээ үлдэх нь тэр. Яагаад гэвэл, П.Ганхуягийн хууль бус үйлдлүүдийн талаар дэлгэсэн баримтууд гүтгэлэг байсан эсэхийг бид мэдэхгүй. Учир нь тэрбээр өөрөө гүтгүүллээ гэж мэдэгдсэнгүй, нэр төрөө сэргээлгэнэ гэсэнгүй. Нөгөө талаас Дорноговийн ИТХ П.Ганхуягийг огцруулах асуудлыг хэлэлцсэн нь анхных биш. ИТХ нь энэ асуудлыг өнгөрсөн онд гурван ч удаа хэлэлцэж байсан бол хамгийн сүүлд өнгөрөгч долдугаар сард мөн хөндөгдөж байсан юм билээ.
Бүр 2008-2012 онд Засаг даргаар ажиллаж байхад нь ч энэ асуудал яригдаж л байсан. Үүний зэрэгцээ түүнийг хууль хяналтын байгууллагаас хэдэнтээ шалгаж байжээ. Тэгэхээр Ерөнхий сайд Н.Алтанхуяг та Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийг огцруулах үндэслэлийг хүлээж аваагүй шалтгаанаа тайлбарлах хэрэгтэй юм шиг ээ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг та, АН-ын даргын хувьд бус, Засгийн газрын тэргүүний хувьд дээрх шийдвэрийг гаргасан гэдгээ батлах учиртай. Энэ тохиолдолд АН, Н.Алтанхуяг гэсэн нэрүүд ангид ойлголт болохыг харуулах ёстой. Ерөнхий сайд аа, та тайлбарлах естой. Тайлбарыг өнөөдрийн ээлжит "Ерөнхий сайдын 30 минут"-аас хүлээе.
Үндсэн хууль зөрчсөн гэж үзэв
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Захиргааны хариуцлагын тухай хуулийн 21, 22, 23, 24, 45 дугаар зүйлд заасан баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно.”, мөн хуулийн 18 дугаар зүйлийн долоо дахь хэсгийн “Сумын Засаг дарга баривчлах шийтгэл ногдуулсан тухай шийтгэврээ материалын хамт харьяалах шүүхэд гурав хоногийн дотор хүргүүлнэ” гэсэн заалт нь Үндсэн хуулийн 47 дугаар зүйлийн нэг дэх заалтыг зөрчсөн эсэх асуудлыг хянан шийдвэрлэлээ. Хуралдаанаас гаргасан дүгнэлтэд, “УИХ-аас 1992 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр баталсан Захиргааны хариуцлагын тухай хуулийн дөрөвүгээр зүйлийн тав дахь хэсэгт “... баривчлах шийтгэлийг сумын Засаг дарга ногдуулж болно” гэж хуульчилсан нь баривчлах шийтгэл оногдуулах эрхийг улс төрийн албан тушаалтанд шилжүүлснээр Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний эрхийг эрхэмлэн дээдлэх, хүний эрхийн хууль зүйн баталгааг бүрдүүлэх үүргийг төрд хариуцуулсан Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчимтай зөрчилдөж байна” гэж үзэх үндэслэл байна гэжээ. Тиймээс Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн Захиргааны хариуцлагын тухай хуулийн дээрх заалтын үйлчлэлийг түдгэлзүүлэв.
Мөн маргааш хуралдаж Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалтаар үүссэн маргааныг эцэслэн шийдвэрлэх байсан их суудлын хуралдаан хойшиллоо. УИХ-ын итгэмжлэгдсэн төл өөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хуралдааныг хойшлуулах хүсэлт тавьжээ. Үүнийг харгалзан үзэж их суудлын хуралдааныг 2014 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр хийхээр товлов гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээллээ.
Б.НОМИН