Сангийн сайд Ч.Улаан, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарыг огцруулахыг холбогдох байнгын хороод дэмжсэнгүй. Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Сангийн сайд, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Эдийн засгийн хөгжлийн сайдын асуудлыг хэлэлцсэн юм. Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон 18 гишүүнээс тав нь Ч.Улааныг огцруулах нь зүйтэй гэж үзсэн. Тодруулбал, тус байнгын хороонд харъяалалтай Ардын намын хоёр гишүүний хамт АН-ын гишүүд болох Л.Эрдэнэчимэг, Я.Санжмятав, Р.Амаржаргал нар Ч.Улааны эсрэг гар өргөсөн юм. “Буруу бодлогыг засахын тулд холбогдох хүмүүстэй хариуцлага тооцох талаар ярьж байна. Эдийн засгийн бодит байдал үнэхээр дор орчихоод байна. Өнөөдөр сайхан байна гэж байгаа ч ирээдүйгээ харах хэрэгтэй. Улс орныг дампууруулахаас өмнө өөрсдөө огцорч байгаагаа зарлах хэрэгтэй” гэж асуудлыг босгосон Ардын намынхан хэлж байсан бол АН-ын гишүүд “Сайд нарыг огцруулах үндэслэлүүд бодитой биш. Засгийн газрын ажлыг хийлгэхгүй байх зорилгоор ийм улс төрийн шинжтэй акци үзүүлж байна" гэж байлаа.
.jpg)
Эдийн засаг, Төсвийн байнгын хорооноос гадна энэ өдөр хэд хэдэн байнгын хороо хуралдсан. Хууль зүйн байнгын хороогоор Улсын дээд шүүхээс Үндсэн хуулийн цэцийн гишүүдээр томилуулахаар санал болгосон нэр дэвшигчдийн талаар хэлэлцэх байсан ч Ардын намынхан бүлгээрээ эл асуудлыг хэлэлцээгүй байгаа хэмээн гурван өдрийн завсарлага авсан юм. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлсэн Засгийн газар болон УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Зөвхөн Ерөнхий сайд УИХ-ын гишүүний ажил, албан тушаалыг хавсарч болно гэж танхимын сайд нарыг “дан дээлтэй” болгох зорилготой эл төслийг гишүүдийн олонх дэмжив. Гэхдээ энэ удаа ердөө хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн бөгөөд УИХ дахь намын бүлгүүд хуулийн хэрэгжих хугацааны хувьд харилцан адилгүй байр суурьтай байгаа билээ. Тухайлбал, АН-ынхан Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлснээр 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй гэж байгаа бол МАН-ын гишүүд батлагдсан өдрөөс эхлэн хэрэгжүүлэх нь зөв гэж буй.
Мөн хуралдаанаар УИХ-ын гишүүн А.Бакей, Д.Эрдэнэбат, Н.Батцэрэг нарын санаачилсан УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчл өлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэв. Гишүүд чуулганы хуралдаанд хурууны хээгээр бүртгүүлж, үг хэлэх, асуулт асуухдаа ирцэд бүртгэгдсэн дарааллыг баримтлахаар тусгаад буй. Төслийг гишүүдийн олонх нь дэмжсэн. “Том төрөөс ухаалаг төр рүү” шилжих шилжилтийн үйл явцыг эрчимжүүлэх чиглэлээр тодорхой бодлого, арга хэмжээнүүдийн төсөл боловсруулах үүрэг бүхий Байнгын хорооны Ажлын хэсгийг энэ хуралдаанаар байгуулсан. Ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл ахалж, А.Бакей, М.Батчимэг, Су.Батболд, Д.Батцогт, Ж.Батзандан, Р.Бурмаа, Б.Наранхүү нарыг гишүүдээр сонголоо.