Засгийн газрын “11-11” төвд АНУ-ын Чикаго хотоос Н.Баяргүн, Д.Хишигдэлгэр нар холбогдож Монголд хамгийн сүүлийн үеийн хямд өртөгтэй эрчим хүч хэрэглэх эх үүсвэрийн шинэ технологи нэвтрүүлж, агаарын бохирдлыг 90 хувь хүртэл бууруулах боломж байгаа талаар санал хэлсэн юм.
Ерөнхий сайд Н.Алтанхуяг АНУ-д үйл ажиллагаа явуулдаг “Hylpen energy” компанийн ерөнхийлөгч Д.Хишигдэлгэр, захирал Н.Баяргүн нартай цахим уулзалт хийж шинэ технологийн талаар санал солилцлоо.
Ерөнхий сайд өндөр хөгжилтэй оронд нарийн мэргэжил эзэмшсэн залуучууд эх орныхоо эрчим хүчний зардлыг бууруулах төсөл санаачилсанд талархаж байгаагаа илэрхийлээд Эрчим хүчний яамны мэргэжлийн хүмүүстэй холбож, дэмжиж ажиллана гэдгээ илэрхийллээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.