Мэргэжлийн боксын босоо аваргууд гэгдэх Украины ах, дүү хоёрын нэг Виталий Кличко боксын бээлийгээ хананд өлгөх цаг болсныг зарлажээ. Харин түүний зодог тайлах болсон шалтгаан нь тун сонирхолтой. Хүнд жингийн дэлхийн аваргын бүсийг 2008 оноос хойш эзэмшиж буй Кличко улс төрийн карьертаа илүү их цаг зарцуулахын тулд спортоо орхиж буй гэнэ.
42 настай боксчин эр 2004 оноос улс төрд хүчин зүтгэх болсон бөгөөд тэр жилийн ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр Виктор Ющенког идэвхтэй дэмжиж байв. Түүний их спортоо орхиж буй анхны тохиолдол энэ биш юм. Тэрбээр 2005 онд рингнээс буух цаг болсноо зарлаж, дараахан нь Киев хотын даргын албан тушаалийн төлөө өрсөлдөж байлаа. Харамсалтай нь түүний улс төр рүү орох эхний алхам бүтэлгүйтэж, Леонид Черновецкийд ялагдсан. Гэхдээ сонгуульд давгүй амжилттай оролцож, 24 хувийн саналаар хоёрдугаарт бичигдсэн удаатай. Улмаар 2009 онд дахин хотын мээрийн төлөө өрсөлдсөн ч амжилт олоогүй юм.
Харин энэ удаа одоогийн ерөнхийлөгч Виктор Януковичийн эсрэг хүч үзэхээр шийдсэн гэнэ. Януковичийн бүрэн эрхийн хугацаа 2015 онд дуусах учиртай. Энэ талаар Кличко “Би ирээдүйгээ таамаглаж чадахгүй. Гэхдээ Украины ард түмэнд тус болох зүйлийг хиймээр байна” хэмээн ярьжээ. Өдгөө Украинд эдийн засгийн хямрал нүүрлээд буй. Тиймээс түүнийг ирэх онд ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх болсон талаар CNN өнгөрсөн аравдугаар сард мэдээлсэн билээ. Харин их спортоо орхисноор энэхүү мэдээлэл улам батлагдлаа. Тэрбээр гурван жилийн өмнө “УДАР” намыг байгуулжээ.
Өнгөрсөн онд түүний нам парламентад 40 суудал авч, засгийн газрын хоёр дахь том сөрөг хүчин болжээ. Харин 2015 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд одоогийн ерөнхийлөгч Виктор Янукович, Украины ерөнхий сайд асан Юлия Тимошенко нар өрсөлдөх нь тодорхой болоод байна.
Сонирхуулахад түүний нэр хүнд төрөлх улсад нь жил бүр тогтмол өссөн баримт бий. Анх 2011 онд олон нийтийн санал асуулгад 4.8 хувийн санал авч байсан бол дээрх тоо энэ оны хоёрдугаар сар гэхэд 15.1 хувь болсон. Харин аравдугаар сарын санал асуулгад 19.3 хувь болон дээшилжээ. Кличко WBC холбооны хамт олонд баярлаж талархсанаа илэрхийлээд “Одоо эх орныхоо эрх чөлөөний төлөө тэмцэх цаг болсон” хэмээн мэдэгдсэн байна.
Э.ТЭМҮҮЛЭН