Сангийн сайд Ч.Улааныг огцруулах эсэх асуудлыг өчигдөр Төсвийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэбат МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтоос хэд хэдэн асуултад тодорхой хариулт өгөхийг хүсэв. Д.Эрдэнэбат даргын асуулт хатуухан байсан боловч Ардын намын бүлгийн шинэхэн дарга түүний асуултад ёстой часхийсэн хариулт өглөө.
Д.Эрдэнэбат: -Та бүлгийн даргаар сонгогдсоныхоо дараа сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө сөрдөг биш бүтээлч, санаачлагатай бүлэг байлгахын төлөө ажиллана гэж мэдэгдсэн. Хамгийн анхны үйлдлээрээ хоёр сайдыг огцруулах санал оруулж ирсэн нь таны бүтээлч санаачлага гэж ойлгож болох уу?
С.Бямбацогт: -Бүлгийн дарга болчихоод би сөрдөг биш бүтээлч бүлэг байлгахын төлөө ажиллана гэж хэлсний эхлэл нь энэ. Бүтээлч байхын тулд эхлээд салан задгай, хариуцлага тооцдоггүй, хуулийг уландаа гишгэдэг, олонхиороо хүч түрдэг байдалд бид цэг тавих ёстой. Үүнийг бид өнгөрсөн хавраас хойш байнга ярьж ирсэн. Энэ Засгийн газрын үйл ажиллагаа нэг л биш ээ, бодлогогүй байна, анхаарах ёстой юм биш үү гэж бид Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавьж байсан. Харамсалтай нь олонхиороо хүч түрж аваад үлдсэн. Наймдугаар сард байдал хүндэрлээ, төсвийн орлого нэг их наяд төгрөгөөр тасарлаа, төсвийн зардлаа санхүүжүүлж чадахгүй байна, ээлжит бус чуулган зарлах юм биш үү гэж манай бүлгээс шаардлага тавьсан. Харамсалтай нь үгүй гэсэн. Дараа нь ажлаа хийж чадахгүй байгаа сайд нарт хариуцлага тооцвол яасан юм бэ гэсэн шаардлага дахиад тавьсан. Харамсалтай нь хүлээж аваагүй. Бидний хэлж байсан сануулгыг зөвхөн МАН-ын бүлэг биш ард түмэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Дэлхийн банк, олон улсын байгууллагууд, хамгийн сүүлд нь энд сууж байгаа Р.Амаржаргал гишүүн хүртэл хүлээн зөвшөөрсөн. Үнэхээр хариуцлагагүй байдал газар авлаа, хууль зөрчиж байна, энэ сайд нар чинь их хурлынхаа дээр нь гараад суучихлаа гэдгийг бүгд ярилаа. Та бүхний өмнөөс хариуцлага хүлээх гэж үзлээ.Уг нь бид бодлогогүй тэнэг төрөөс ухаалаг төр рүү явах ёстой байх. Ерөнхийлөгч маань том төр гэж соёлтой хэлнэ лээ. Энэ чинь болохгүй, бүтэхгүй байгаагийн илэрхийлэл биш юм уу. УИХ, Засгийн газар, сайд нар хариуцлага хүлээхгүй юм бол би өмнөөс нь хариуцлага хүлээе гэж Р.Амаржаргал гишүүн хэлж байгаа нь асуудал биш юм уу. Харин та үүнд хариулт өгөөч.
Д.Эрдэнэбат: -Танай бүлгийн дүгнэлтэд Засгийн газар 1.5 жилийн хугацаанд үр бүтээлтэй ажиллаж чадсангүй гэжээ. Үр бүтээл гэдгийг та юугаар дүгнэж байгаа вэ?
С.Бямбацогт: -Үр бүтээл гэж юу вэ гэж асуулаа. Аливаа асуудалд үр дүн гарах ёстой. 2011 онд улсын эдийн засгийн өсөлт 17 хувьтай байсан. 2012 онд 14, энэ онд 11 хувьд хүрэх нь. Жил дараалан буурч байгаа нь эдийн засгийн өсөлт үү. 2011 онд нэг хүнд ногдох ДНБ 3459 ам.доллар байсан. 2012 онд 3342 ам.доллар болж буурсан. 2013 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр 2800 орчим ам.доллар болох нь. Энэ үзүүлэлтээр бид эдийн засгийн өсөлт, хүн амынхаа амьдралын сайжралтыг илэрхийлдэг. Гурван жил дараалан буурч байгаа нь үр дүн мөн үү. Өмнөх Засгийн газрын үед ард иргэддээ 21 мянган төгрөг сар бүр олгож байсан. Цалин, тэтгэврийг 2.5-3 дахин нэмэгдүүлсэн. Энэ Засгийн газар үнийг тогтвортой байлгана гэж үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэтэл үнэ тогтворжсон уу. Өнөөдөр гурилын үнэ 20, "Атар" талх 27, цагаан будаа 30, сүү 27, тараг 25 хувиар өссөн. Манай Ерөнхий сайдын тансаг хэрэглээ гэж хэлдэг өндөг 70 хувиар өссөн байна. Орон сууцны нэг метр кв-ийн үнэ 100 хувиар өссөн байна. Энэ үр дүн мөн үү?
Д.Эрдэнэбат: -Өнөөдрийн үүссэн нөхцөл байдал, эдийн засгийн хүндрэл нь экспортын бүтээгдэхүүний үнэ, борлуулалтын бууралт, түүнээс үүдсэн валютын хомсдолоос шалтгаалсан гэдгийг та бүхэн хүлээн зөвшөөрч чадах уу. Өнгөрсөн Засгийн газар дөрвөн жилийн хугацаанд 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний богины зээлийг Оюутолгой, Тавантолгой, "Эрдэнэт" үйлдвэр болон Засгийн газрын баталгаагаар авч байсан. Энэ зээлээр тухайн үед Ардын намын бодлогоор нэг удаагийн бүтээн байгуулалт хийгдсэн үү?
С.Бямбацогт: -Тавантолгойн “Чалко”-той хийсэн гэрээг муу байсан гэж та нар хэлдэг. Гэтэл 70 ам.долларын гэрээг та нар 50, сүүлдээ 40 болгож буулгасан. Гэрээг сайжруулж улсын төсвийн орлогыг нэмэгдүүлнэ гэсэн, яасан бэ. "Эрдэнэт" үйлдвэр 70 сая ам.долларын зээл авсан нь үнэн. Гэхдээ 2012 ондоо эргээд төлсөн. Засгийн газарт дарамт болоогүй. Тавантолгойд 80 тэрбум төгрөгийн зээл авсан, үүнээс 50 тэрбум нь 2013 оны төсөвт сууж байгаа. Таны ярьж байгаа шиг тэрбум ам.долларын зээл бид аваагүй. Оюутолгой дээр 250 сая ам.долларын урьдчилгаа төлбөр авсан. Үүнийг одоогийн Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт нар авсан. Үүнээс бид нэг ч төгрөгийг буцааж төлөөгүй. Энэ дарамт болоогүй. Ийм байдлаар өмнөх рүүгээ буруугаа чихэж, Засгийн газраа хайцаалж үлдэнэ гэвэл худлаа. Хэрвээ өмнөх рүү буруу чихэх гэж байгаа бол өнөөдрийн Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг тухайн үед Тэргүүн шадар сайдаар нь ажиллаад, засгийг хамтдаа барьж байсан. Буруу байвал хамтдаа хүлээнэ, амжилт оноо байвал хамтдаа хуваалцана. Аргаа барсан хүүхэд аавынхаа толгойг маажина гэгчээр буруугаа бусад руу чихчихээд сууна гэж байхгүй.
Д.Эрдэнэбат: -Хэрвээ 1.5 тэрбум ам.долларын "Чингис" бондыг босгоогүй байсан бол Монголд эдийн засгийн ямар эрсдэл, хүндрэл ирэх байсан бэ гэдгийг тооцож үзсэн үү?
С.Бямбацогт: -1.5 тэрбум ам.долларын бонд босгоогүй байвал яах вэ гэж асууж байна. Бид Хятадаас 500 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг эхний долоон жилдээ хүүгүй, цаашлаад жилийн 2-3 хувийн хүүтэй авах бололцоо бий. Солонгос улсаас 300 сая ам.доллар, Японоос мөн хэмжээний зээл авах боломжтой. Өөрөөр хэлбэл, бидэнд 1,1 тэрбум ам.долларын хөнгөлөлтэй зээлийг гаднаас авах бололцоо байсан. Харамсалтай нь Засгийн газар боломжоо ашиглаж чадаагүй. Харин үүний оронд жилийн дөрвөн хүү, өнөөдрийнхөөр зургаан хувийн хүүтэй зээл авчихаад тав, арван жилийн дараа төлөх гээд сууж байна. Хэрвээ бид хөнгөлөлттэй зээлийг авсан бол эхний долоон жилдээ хүүгүй, 20-30 жилийн хугацаанд төлөгдөх зээлүүд байсан. Ийм асуудлыг бид ярьж байна.
Д.Эрдэнэбат: -МАН-ын дарга М.Энхболд хоёр сайдыг огцруулаад шинэ сайд тавьчихвал байдал сайжирна гэж хэлсэн. Сайжирна гэсэн баталгааг та нар хаанаас гаргаж ирж байгаа вэ. 2013 оны дөрөвдүгээр сард Засгийн газрыг огцруулах асуудлыг та бүхэн тавьсан. Найман сарын дараа та бүхэн хоёр сайдыг огцруулах санал тавьсныг би улс төрийн тоглолт гэж харж байна. Энэ тоглоом дахиад хаврын чуулганаар үргэлжилж явагдах уу?
С.Бямбацогт: -Бид хариуцлага тооцъё л гэж байгаа. Хариуцлагагүй, хууль зөрчиж байгаа, олонхиороо хүч түрж байгаа байдалдаа цэг тавихгүй бол хавар байтугай бид долоо хоногийн дараа дахиад асуудлыг ярина. Алдаагаа засаад хамтраад ажиллая гэж байгаа. Хамтраад ажиллая гэхээр энэ сайд нарын оронд та нар орох гээд байгаа юм уу гэж сөргүүлж асуугаад байх юм. Тийм юм байхгүй. Олонхи нь олонхи шиг, цөөнх нь цөөнх шиг байх ёстой. Хамгийн гол нь зөвшилцдөг, ойлголцдог, шийдвэрээ хамтарч гаргадаг байх ёстой. Жишээлбэл, ирц бүрдэхгүй болохоор хурууны хээгээр бүртгэнэ гэж хүчээр ирц бүрдүүлэх гэж оролддог ийм байдлаар явбал чадахгүй. Хариуцлагын асуудлыг ярьдгаараа ярина, тавьдгаараа тавина. Өнөөдөр хариуцлагатай байх гэж асуудлыг тавьж байгаа. Хариуцлагатай, хуулийг биелүүлдэг, ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг хэрэгжүүлдэг байхын тулд бид асуудал ярьж байгаа. Муу муухай байгаасай гэсэндээ асуудал ерөөсөө яриагүй шүү.