09.00 цаг. Ажилдаа ирдэггүй, эсвэл байнга хоцордог дэггүй гишүүддээ бэлдсэн “бэлэг”-ээ УИХ-ын дарга З.Энхболд өчигдөр задлав. Гишүүдийн ирцийг хурууных нь хээгээр бүртгэх төхөөрөмжийг ажиллуулж эхэлсэн нь энэ юм. Энэ нь УИХ-ын түвшинд л шинэ болохоос бусад байгууллагад бол хэдийнэ хэрэгжиж буй туршлага л даа. Гэхдээ хурууны хээ унших төхөөрөмжөө спикер өөрийн ширээний дэргэд байрлуулж, бүртгэлд орсон гишүүдэд ирцийн карт тарааж байв.
Хамгийн түрүүнд ИЗНН-ын С.Дэмбэрэл, дараа нь УИХ-ын дарга өөрөө, тэгээд Ж.Батзандан, С.Баярцогт, Х.Болорчулуун нар бүртгүүлж, “айргийн тав”-д багтсан байна. Чуулганы танхимын үүдэнд биш, УИХ-ын даргын ширээний дэргэд байрлуулсан учраас гишүүд бөөн бөөнөөрөө индэр рүү “мацах” хэрэг гарч байсан юм. Төхөөрөмж бага зэрэг будилж, Л.Цог гишүүн хурууны хээгээ гурвантаа уншуулж байж ирцээ бүртгүүлэв. Хурууны хээгээ уншуулж, картаа авч ирцэндээ орсон түшээд өнөөх төхөөрөмжөө шалгахын тулд хөгжилтэй туршилтууд хийж, уур амьсгал эхэндээ муугүй л байлаа. Чуулганы хуралдаанд 68 гишүүн ирж, ирц 89.5 хувь хүрсэн байсан юм.
Эрэгтэй гишүүд нь “уеs”, эмэгтэйчүүд нь “no” товчлуур дарж шалгатал танхимд байгаа 10 эмэгтэй гишүүний гурав нь “хүйсээ сольсон” үр дүн гарав. Эрэгтэй гишүүдээс ч “no” дарсан хэсэг буюу эмэгтэйчүүдийн хэсэгт орчихсон байлаа. С.Баярцогт “Бид ямар цагийн ажилтан биш” хэмээн дургүйцэж, Ц.Даваасүрэн картаа сугалсан ч ирцэд бүртгэлтэй хэвээр байгаагаа зарлав. Ингээд будлиан эхэллээ. Дээрээс нь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогтын микрофон ажилласангүй. Тэрбээр суудлаа сольж, арын эгнээнд суугаад “Төхөөрөмж асуудалтай байна. Танхимд арван эмэгтэй байхад долоо гэж заалаа шүү дээ. Сайд огцруулах асуудлаар санал хураагаад буруу үр дүн гарчихвал яах юм. Тиймээс төхөөрөмжөө шалгаж нягталтал энэ асуудлыг хойшлуулъя” гэлээ. Хурууны хээгээр ирц бүртгэхтэй холбоотой хуулийн төслийг МАН-ын бүлгээс жилийн өмнө өргөн барьсан атал хэлэлцээгүй байж, А.Бакей, Д.Эрдэнэбат, Н.Батцэрэг нарын Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг шууд ярилцлаа, олонхоороо хүч түрж байна гэх мэтээр тэд шүүмжилсэн. “Танай оруулсан асуудлыг хэлэлцэх гэж байхад хойшлуулах шаардлагаг үй. Саналаа гар өргөөд хураачихъя” гэсэн горимын саналыг Р.Гончигдорж гишүүн гаргалаа. Ц.Нямдорж З.Энхболд даргад хандаж, “Та УИХ-ын даргын албан тушаалыг ирц бүртгэгчээр сольж байна. Сайд огцруулах болохоор л ажилдаа ирдэг, бусад үед онгорхой шүд шиг ирцтэй суудаг гишүүдтэйгээ хүлээн зөвшөөрч байгаа бол энэ УИХ-ыг тараах хэрэгтэй. Төхөөрөмжөө ядаж чуулганы танхимын үүдэнд байрлуулчих. Та ер нь ажилдаа тэнцэж байгаа юм уу. Ажлаа хийж чадахгүй байгаа гишүүд ичих хэрэгтэй, би тарахад бэлэн байна” гэлээ.
УИХ-ын дарга түүнд “09.56 цагт ажилдаа ирснээрээ та бас ичих хэрэгтэй” хэмээн сануулав. Ирц хүрдэггүй, ард түмний итгэлийг хүлээж сонгогдсон, төсвөөс цалин авдаг гишүүд нь ажлаа хийдэггүй учраас л Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, олонхиороо хуралддаг болсныг Л.Цог онцолсон. Д.Лүндээжанцан гишүүн “Хурууны хээгээр санал өгдөг болгох нь чухал. Гэтэл та нарын санаачилсан төсөлд тийм заалт алга” гэлээ. С.Бямбацогт үг хэлэхийн тулд ажиллаж байгаа микрофон ашиглах хэрэгтэй болов. Тэр зориудаар АН-ын хэсэгт очиж, Ч.Сайханбилэгийн дэргэд суугаад “Хэлэлцэж байгаа бүх асуудлаар хоёр хоногийн завсарлага авъя” гэлээ. Сайд нарыг огцруулах, эсэх асуудлыг хуулиараа долоо хоногт багтаан хэлэлцэх ёстой, энэ хугацаа өнгөрчих юм биш үү хэмээн З.Энхболд дарга сануулсан ч тэд тоосонгүй. Ингээд түүхэндээ анх удаа хурууны хээгээр ирц бүртгэж, бас хэлэлцэж буй бүх асуудлаар завсарлага авах нь тэр. Хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга техникийн албаныхныг дуудсанаар завсарлав.
Ц.НЯМДОРЖ: ПАРЛАМЕНТЫН ХЯМРАЛЫГ З.ЭНХБОЛД ГҮНЗГИЙРҮҮЛЖ БАЙНА
11.30 цаг. Үүний дараа УИХ дахь бүлгүүд ээлжлэн хэвлэлийн хурал зарласан юм. МАН-ын бүлгийн дарга туршлагатай улстөрч Д.Лүндээжанцан, Ц.Нямдорж хоёроор хүч нэмэгдүүлж байгаад болсон явдлыг тайлбарлав. “Том төрөөс ухаалаг төр лүү явахыг бид дэмжиж байгаа. Үүнд зөвшилцөл чухал. Гэвч өнөөдөр зөвшилцөх биш, олонхиороо хүч түрж, гишүүдээ ялгадаг тогтолцоо бий боллоо. Бид завсарлага авснаараа төрийн ажлыг гацаах гээгүй” гэлээ. Д.Лүндээжанцан гишүүн “Парламентын засаглалын амин сүнс нь парламентат ёс зүй байдаг. Гэтэл энэ ёс зүй алга боллоо. Олуулаа биш, нэг хоёрхон хүний зөрүүтэй олонх нь асуудлыг шийддэг болсон. Зөвшилцөл хумигдаж, дарангуйлал руу явж байна. Том төрөөс ухаалаг төр лүү орно гэдэг нь “давхар дээл”- ний асуудлыг шийднэ гэсэн үг. Хурууны хээгээр санал өгөх нь байх асуудал. Ирцийн дарааллаар үг хэлнэ гэдэг чинь боломжгүй. Энэ аргыг Бүлэг, Байнгын хорооны хуралд ашиглаж болох ч чуулганд тохирохг үй. Байнгын ажиллагаатай болсон 24 жилийн түүх, ололтоосоо УИХ ухарч болохгүй. Тиймээс бид олонхид дохио, сануулга өгч завсарлага авлаа” гэв.


Ц.Нямдорж “Байнгын хороод ирцгүйгээс хуралдаж чадахгүй тохиолдол их болсон. Төсөв баталснаас хойш УИХ “унтсан”. Үүний цаана парламентын хямрал гол шалтгаан болж байгаа юм. Улмаар эдийн засгаа хүндрүүлж байна. Олонхийн 45 хүний тал нь сайд. Х.Тэмүүжингээс бусад сайд нь хуралдаа суудаггүй, улмаар ирц бүрддэггүй. УИХ-ын дарга нь Бүлгийн дарга шиг ажиллаад хямралыг гүнзгийрүүллээ. УИХ нь Засгийн газартаа хяналт тавих үүргээсээ татгалзсан, нөгөөдүүл нь эрэмшсэн. Тиймээс УИХ-ыг тараах ёстой гэж хэлсэн юм. Байдал хүндэрвэл ийм хувилбар байж болно. Гэхдээ Удирдах зөвлөл, Бүлгээр ярилцаагүй” гэлээ.
-Сайд нарыг огцруулах асуудлыг хэлэлцэх хуулийн хугацаа дуусчихна гэдгийг УИХ-ын дарга сануулсан. Мөн давхар дээлийг дан болгох Ерөнхийлөгчийн санаачилсан хууль хэлэлцэх асуудлын дарааллын хойгуур орсныг урагшлуулж болохгүй юу?
Ц.Нямдорж: -Ц.Элбэгдорж 2009 онд Ерөнхийлөгч болоод л энэ хуулийг санаачилсан, хэлэлцээгүй. Сая Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө хоёр дахиа өргөн барьж, одоо л ярьж эхэлж байна. Бидний хувьд энэ хуулийг баталсан өдрөөс мөрдөх байр суурьтай байгаа. Сайд нарыг огцруулах асуудлыг долоо хоногт хэлэлцэж эхэлнэ гэсэн болохоос дуусгах хугацааг заагаагүй.
Д.ЭРДЭНЭБАТ: ЧУУЛГАНДАА ИРЭХГҮЙ БОЛ ОЛОНХ АСУУДЛАА ШИЙДНЭ
12.00 цаг. АН болон “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч нар хамтран мэдээлэл хийлээ. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Сая чуулган дээр МАН хариуцлагагүй үйлдэл хийлээ. Төрийн ажлыг гацаах, намын эрх ашгаа дээдлэх байдлаар хандсан. Хурууны хээгээр ирц бүртгэх нь завсарлага авах шалтгаан болохг үй. Бид гишүүдийг хариуцлагатай байлгахын тулд л хуулийн төсөл санаачилсан. Хуулиа батлаагүй байж хэрэгжүүллээ гэж шүүмжилж байна. Өнөөдөр Монгол Улсад бүх л байгууллага хурууны хээгээр ирцээ бүртгэж байна шүү дээ. Энэ тухай тусгайлан хуульчилсан зүйл байхгүй. МАН-ынхан сайд огцруулах асуудал оруулж, түүнийг нь хэлэлцэх гэхээр завсарлага авлаа. Тэд тогтоолын төслөө энэ сарын 16-нд өргөн барьсан. Долоо хоногийн дотор хэлэлцэх хуультай. Энэ хугацаа 24-нд дуусна. Сая Даргын дэргэдэх зөвлөл хуралдаад бүх техникээ шалгасан. Тиймээс өнөөдөр 14.00 цагт чуулгандаа оролцохыг урьж байна. Хэрэв маргааш (өнөөдөр) үдээс хойш гэхэд МАН чуулгандаа суухгүй бол бид хууль зөрчихгүйн тулд асуудлаа олонхиороо хэлэлцэж шийдэхээс аргагүй болно гэдгийг сануулъя” гэлээ. Мөн Ц.Нямдорж гишүүн УИХ-ыг тараах тухай хариуцлагагүй үг хэлснийг онцолсон. “Шударга ёс” эвслийн бүлгийн ахлагч Н.Батцэрэг “Ирц муу байгаа нь өнөөдөр л бий болсон асуудал биш. Олон улсын парламентууд энэ асуудлаа шийдэхийн тулд техникийн шийдэл ашигладаг. Улдан чангаадаг, сөрөн гацаадаг байх нь сөрөг хүчин биш. Тэд хөтөлгөө морь шиг ажиллах ёстой. Хэлэлцэж буй бүх асуудлаар завсарлага авсан нь парламентын түүхэнд анх удаа боллоо” гэсэн юм. Тэднээс зарим зүйл тодруулав.
-Хурууны хээ унших төхөөр өмжийг чуулганы танхимын үүдэнд байрлуулах ёстой гэж шүүмжилж байна лээ. Хуралдаа огт ирэхгүй бол ямар хариуцлага хүлээлгэх юм бол?
Д.Эрдэнэбат: -Өнөөдөр туршилт хийж байгаа учраас УИХ-ын дарга дэргэдээ байрлуулсан. Үүнийг ярилцаад чуулганы танхимын үүдэнд байрлуулчихаж болно. Ер нь цаашид бид хуралдаандаа огт оролцдоггүй, ажил хийдэггүй гишүүдийг Ёс зүйн дэд хороогоор авч хэлэлцдэг байх хуулийн төсөл оруулж магадгүй. Бид сөрөг хүчний улс төр ороогүй, эдийн засгийн олон саналыг хэрэгжүүлсэн. Бодлогын чанартай зүйл дээр МАН-тай зөвшилцөж болдоггүй. Тиймээс бодлогын асуудлаа үргэлжлүүлэхийн тулд олонхиороо шийдээд явахаас аргагүй нөхцөл үүсгэдэг.
-Хурууны хээгээр санал өгөх нь чухал, гэтэл энэ талаар төсөлд заагаагүй байна гэж МАН-ынхан шүүмжилсэн. Мөн хурууны хээгээр ирц бүртгэхэд хууль шаардлагаг үй юм бол заавал төсөл санаачлах хэрэг байсан юм уу?
-Санал зөрөлддөг олон хуулийн төсөл бий, үүнийг ярилцаж байж шийдэхээс шууд л хурууны хээгээр санал аваад явчихаж болохгүй. Ирц бүртгэх тухайд УИХ-ын даргын захирамжаар л шийдчихэж болох ч сөрөг хүчин хууль хэрэгтэй гэсэн учраас л төсөл боловсруулсан. Даргын дэргэдэх зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцээд хуруугаар ирц бүртгэх нь зөв гэж үзээд хэрэгжүүлж байгаа. Хуралдаанд хоцорч ирчихээд юу ч хамаагүй ярьдаг гишүүд бий. Үүний оронд хуралдаа түрүүлж ирээд асуудлаа ойлгосон хүмүүс ирцэд бүртгэгдсэн дарааллаараа асууж, санал хэлэх нь зөв гэж үзсэн юм.
Б.БОЛДБААТАР: ДЭГИЙН ТУХАЙ ХУУЛИЙГ БАТАЛТАЛ ШИНЭ СИСТЕМ АШИГЛАХАА ХОЙШЛУУЛЛАА
12.40 цаг. Хурууны хээгээр ирц бүртгэх шинэ систем нэвтрүүлж, гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх гэсэн биш хэлэлцэж буй хамаг асуудлаа гацаанд оруулахад хүрсэн учраас УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар бас тайлбар хийсэн юм. Тэрбээр “Тамгын газар хуралдаан зохион байгуулах эрх, үүргийнхээ хүрээнд ийм систем нэвтрүүлсэн. Программ хангамжийн компаниудтай ярилцаад системийг ашиглалтад орууллаа. Гишүүд товлосон цагт хуралдаандаа биечлэн оролцох үүрэгтэй. Зөвхөн Үндсэн хуультай харшилдах асуудал хэлэлцэж байгаа, эсвэл өвчтэй гэсэн хоёр тохиолдолд хуралд суухгүй байж болдог. Харин шалтгаангүйгээр хуралд суугаагүй бол эсрэг санал өгсөнд тооцогддог. Бид сая төхөөрөмжөө нэгбүрчлэн шалгалаа. Дэгийн тухай хуулийн төслийг баталтал энэ системийг хэрэгж үүлэхээ түр зогсоохоор болсон” гэв.
-Хууль нь батлагдаагүй байхад хурууны хээгээр ирц бүртгэсэн нь буруу байсан гэж хүлээн зөвш өөрсөн хэрэг үү?
-Үгүй ээ, энэ чинь хоёр өөр асуудал. Хуулийн төсөлд “Ирцэнд орсон дарааллаар асууж, санал хэлнэ” гэсэн байгаа. Үүнийг нь хууль баталтал хэрэгжүүлэхгүй байя гэсэн юм.
-Хурууны хээгээр ирц бүртгэх системийг Байнгын хорооны хуралд бас ашиглах уу?
-Компанитайгаа энэ талаар ярилцаад бэлтгэж байна.
14.00 цаг. УИХ-ын чуулганы танхимд АН болон “Шударга ёс” эвслийн гишүүд цуглаж эхлэв. Гэвч МАН-ынхан тэдний урилгыг хүлээж аваагүй учраас хуралдаан болсонгүй.
16.30 цаг. Хурууны хээгээр ирц бүртгэх төхөөрөмжийг шалгахаар ТЕГ-аас хүмүүс ирээд ажиллаж байв.
С.ТУУЛ