Тайландын Вант улсын нийслэл Бангкок хотноо болж буй Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын эдийн засгийн хамтын ажиллагаа, интеграцчлалын асуудлаарх Сайд нарын бага хуралд оролцож буй Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг 12 дугаар сарын 20-нд Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн комисс (АНДЭЗНК)-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ноелин Хэйзертэй уулзав. Монгол Улс ба АНДЭЗНК-ийн харилцаа, хамтын ажиллагаа үр дүнтэй өргөжин хөгжиж байгааг хоёр тал санал нэгтэй тэмдэглэсний зэрэгцээ хамтын ажиллагааны цаашдын төлөв, боломжуудын талаар харилцан санал солилцов.
Дэд сайд Д.Ганхуяг Монгол Улсын Засгийн газраас эдийн засгийн дорвитой өсөлтийг хангах, Үндэсний хөгжлийн цогц бодлогоо хэрэгжүүлэх үүднээс бүс нутгийн орнуудтай хамтран ажиллах, бүс нутгийн зах зээлд байр сууриа бэхжүүлэх чиглэлд чухал ач холбогдол өгч ирсэнийг тэмдэглэж, далайд гарцгүй хөгжиж буй орнуудын онцлог нөхцөл байдал, бэрхшээлийг бүс нутгийн хэмжээнд шийдвэрлэхэд АНДЭЗНК болон Гүйцэтгэх нарийн бичгийн дарга онцгой анхаарал хандуулж ирсэнд талархал илэрхийлэв.
Дэд сайд Д.Ганхуяг АНДЭЗНК болон НҮБ-ын системийн байгууллагуудад монгол иргэдийг ажиллуулахад дэмжлэг үзүүлэх, Гүйцэтгэх нарийн бичгийн даргын санаачилсан “Залуу удирдагч хөтөлбөр”-т манай залуу мэргэжилтнүүдийг тогтмол хамруулж байхыг ГНБД-аас хүслээ.